Я Оддэлгэр: Үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, олон хүнийг ажлын байртай болгоно гэсэн зорилготой байгаа

Нийгэм, Эдийн засаг

Ажил мэргэжилдээ эзэн нь байж, түүгээрээ амжилт олж, улмаар овоглож явах хүмүүн бидний нэгэн бахархал билээ. Тэрхүү бахархлыг төрүүлэн тэртээх 1999 онд “Од” үйлдвэрээ нээж  эдүгээ  вакум цонх, бүргэд хаалга үйлдвэрлэн барилгын салбарт хүчин зүтгэж,жилээс жилд дэвжин дээшилж яваа  “Од” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Я.Оддэлгэрийг энэ удаагийн “Бүтээлч хүмүүн” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр  “Онц санхүүч”, Тэргүүний залуу инженер, Монголын Залуучуудын холбооны  “Тэргүүний залуу инженер”, “Шилдэг бизнес эмэгтэй”,  Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт медаль, Хөгжлийн эзэн, “Хөдөлмөрийн алдар” Барилга үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг дэмжих судлах төвөөс “Хүндэт менежер” одон, “Тоф эмэгтэй”-гээр   шалгарч байсан бизнесийн гялалзсан ухаантай бүсгүй юм. Тодруулж хэлэхэд өнөөдөр манай бүсгүйчүүд аль ч салбарт манлайлж, түүчээлж яваагийн тод жишээ энэ ажгуу.

 

-Аливаа хүнийг сорьж  сонгосон олон сонголтуудын нэг бол яах аргагүй ажил мэргэжил байдаг. Иймд та барилга материалын чиглэлээр “Од” үйлдвэрээ байгуулаад хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсонд талархая?

-Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн л дээ. Сургуулиа төгсөөд барилгын мастер болно гэж мөрөөддөг байлаа. Энэхүү хүсэлдээ  хөтлөгдөн цаашилбал ирээдүйг нь бодож барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хуванцар вакум цонх,бүргэд хаалганы худалдаа хийж эдүгээ маш олон үйлчлүүлэгчтэй болсон. Ингэж маш олон хэрэглэгчидтэй болж чадсан минь манай чадварлаг хамт олны хүч буян юм.   

- Эмэгтэй хүн дангаараа амжилтанд хүрэх нь ховор. Үүний цаана маш сайн зөвлөгч, хамтран зүтгэгч байж бизнес урагштай явдаг жамтай?

- Тийм ээ, миний энэ ажлыг тасралтгүй хийж яваа нь ханийн минь буян. Ингэж түшиг тулгуур минь болж  ханьтайгаа хамтарч эхлүүлсэн бизнес маань өдий зэрэгт хүртэл өргөжин тэлж, үйлчлүүлэгчдээрээ хүрээлүүлж  яваадаа  баяртай байдаг.  Манай үйлдвэр  олон  ажилтантай.  Тэд маань хийе, бүтээе гэсэн чин сэтгэлээр нэг зорилгын төлөө ажилладаг учраас үйлдвэр маань  ашиг орлого, эрэлт ихтэй байдаг байх аа.  Энэ тал дээр  удирдлагын зохион байгуулалт хамгийн чухал гэж боддог. Нөгөө талаар миний амжилтанд  хүрсэн гол түлхүүр бол шударга үнэн, чадлынхаа хэрээр хүнд тусалж явдгийн илрэл болов уу.

- Таныг  анхнаасаа л сайн үйлсийн төлөө явж ирсэн гэдэг. Тухайлбал, ажилчдаа ажлын байраар хангаж, цаашилбал орон гэртэй болгосон  гээд...?

-Анх үйлдвэрээ нээхдээ 17 настай хоёр хүүхдийг сурган ажиллуулж байсан минь саяхан мэт  санагдаж байна. Гэвч цаг хугацаа амархан юм даа, нэг л мэдэхэд бүхэл бүтэн 20 гаруй жилийг ардаа үдсэн  байна шүү дээ. Энэ хугацаанд 50-иас доошгүй хүнийг ажлын чадвартай, ажиллах нөхцөлөөр нь хангасан. Таваас дээш хүн  ажлын байртай болоод одоог хүртэл бие даан ажиллаж байгааг нь харахад таатай байдаг. Мөн хөдөөнөөс орж ирсэн орон гэргүй ажилчдаа түрээсийн байранд оруулан ажлын байраар хангаж, заримд нь монгол  гэр авч өгч байлаа. Одоо энэ хүн маань Чингэлтэй дүүрэгт эхнэр хүүхдийн хамтаар “Вакум цонхны үйлдвэр” нээж ажиллуулаад боломжийн амьдардаг юм билээ. Цаашилбал,тусламж халамж үзүүлсэн газрууд гэвэл Зайсангийн аманд хүүхэдтэйгээ амьдардаг хүнд дотор хана хаалга хийж өгсөн. БЗД-ийн эмнэлэг,Цагдаагийн ..цонх хаалгыг үнэ төлбөргүй хийж хүлээлгэж өгсөн гээд цөөнгүй бий.

-Бизнес хүмүүс ойрын болон хэтийн зорилгуудаа тодорхойлсоор байдаг. Иймд танай үйлдвэр 2022 ондоо ямар зорилтуудыг  тавиад байна вэ ?

-Энэ тухайд цаашдаа үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, ажилгүйдлийг багасгаж, олон хүнийг ажлын байртай болгож, өрх гэр, амьдралд нь дэм тус болно гэсэн зорилготой ажиллаж байна. Мөн ажилчдаа шагналд урамшуулалд тодорхойлохоос гадна хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулахад “Алтан шагай” компанийн ерөнхий захирал  О.Заяа бидний ажлыг олон жил дэмжсээр ирсэн. Одоогоор хэд хэдэн салбар цехтэй болсон. Үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ эрүүл ахуйн стандартад нийцсэн вакум цонх, бүргэд хаалгаар үйлчилж байгаа минь эх орныхоо хөгжил хийгээд барилгын салбарт миний багагүй хувь нэмэр гэж боддог. Энэ мэтээр яриад байвал олон мөрөөдөл бий. Түүндээ хүрэхийн төлөө хичээж явна. Бахархууштай нь миний мөрөөдөл бүхэн биелдэгт баяртай байдаг. Цаашдаа том компани байгуулъя гэсэн зорилготой байгаа.

-Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа онцлог вэ?

-Вакум цонхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгдээрээ стандартын чанарын шаардлага хангасан байдаг учраас үйлчлүүлэгчдээс “цантлаа хөлөрлөө” гэсэн шүүмжлэл бараг ирдэггүй. Түүн шиг бид үйлчлүүлэгчдээсээ танай цонх долоо, найман жил болоход яг хэвээрээ байна, сайн хийжээ  гэсэн үгийг сонсоод маш  их урам, сэтгэл ханамж авдаг. Энэ хэмжээгээр холбогдох байгууллагууд маань бидний ажил үйлчилгээг үнэлж, дэмжиж, шагнал урамшилд тодорхойлсоор байгаа.