Хамтын чармайлтаар амжилтын төлөө зогсолтгүй урагшлагч аймгууд шалгарлаа

Нийгэм, Эдийн засаг

Жил бүр аймгуудыг өнгөрөгч жилд хийж хэрэгжүүлсэн ажил, хууль тогтоомжийн биелэлт, эдийн засгийн өсөлт хөгжилт бусад нэлээд олон асуудлыг үндэслэн шилдгээр шалгаруулан дүгнэдэг билээ. Энэ удаа ч мөн  тэр журмаар ажлаа дүгнүүлэн зарим аймгууд шилдгээр тодрон, хийж хэрэгжүүлсэн ажлаа төр, түмэндээ үнэлүүллээ.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2021 оны ажил,  нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг Эрдэнэт хот шилдэг,  тэргүүний аймгаар шалгарлаа.Орхон аймаг нь 2021 онд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, төслүүд амжилттай хэрэгжихээр болсон. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Орлогод нийцсэн орон сууц” төслийг эхлүүлж, 40 гаруй жилийн насжилттай инженерийн шугам сүлжээг  шинэчлэх сайжруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд бусад аймгуудаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

 Харин  Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, “Шилдэг аймаг” болов.  Аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон, нийт төрийн албан хаагчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн хөдөлмөрч иргэдийн бүх нийтийн оролцоотойгоор ийм амжилтын эзнээр удаа дараа шалгарч  9 дэх удаагаа амжилтаа бататгалаа.

 Мөн түүнчлэн Өмнөговь аймаг ч  2021 оны  ажил үйлсээрээ бусад аймгуудаа манлайлан  Монгол улсын “ШИЛДЭГ АЙМАГ”-аар  шалгарлаа. Түүхэн амжилтын эзэд болсон  Аймгийн ИТХ, Засаг Даргын Тамгын Газрын хамт олон, Төрийн албан хаагчид, нутгийн зон олондоо баярлаж талархаж байгаагаа шилдэг аймгийн батламжаа гардаж авахдаа Аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцоллоо. Бид шилдэг болсон зарим аймгуудын  удирдлагуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

Орхон аймгийн орлогч дарга А.Түвшинжаргал:  Ил тод байдлыг хангах, шилэн дансыг хөтлөх, тендерийг ил тод байх асуудлыг шийдвэрлэх гээд олон асуудал дээр  аймгуудаас ялгарч чадлаа.

Орхон аймаг 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын үндсэн чиглэлээ баталж ажиллаж байна. Өнгөрөгч 2021 оны ажлаараа  манлайлагч аймгаар шалгарлаа. Энэ нь ЗГХЭГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээний газраас  гаргасан гурван бүлэг, 41 асуултаар бүтэн жилийн турш хийсэн ажлаа үнэлүүлдэг.   Орхон аймагт ажиллаж байгаа 4000 гаруй төрийн албан хаагч Засгийн газраас гарч байгаа хууль, тогтоомж шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тал дээр үнэлгээ дүгнэлт өгдөг гол үзүүлэлт юм. 2021 онд ковид19 цар тахлын үе байсан ч Засаг даргын удирдлагын баг 200 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон улсын болон төсөл хөтөлбөрөөс олж аймаг орон нутгаа санхүүжүүлсэн. Энэ маань ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Ил тод байдлыг хангах, шилэн дансыг хөтлөх, тендерийг ил тод байх асуудлыг шийдвэрлэх гээд олон асуудал дээр  аймгуудаас ялгарч чадлаа. Аймгийн хэмжээнд хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр бол “Цахим Эрдэнэт” хөтөлбөр юм. Аймгийн ИТХ-аас энэ хөтөлбөрт 1.5 тэрбум төгрөгийг батлан тендерийн ажлууд нь явагдаж байна. Эрдэнэтийн иргэд төрийн болон бусад иргэнд тулгамдаж байгаа хэрэгцээтэй мэдээллүүдээ гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ маань ч мөн 2021 оны гол ажлын нэг байсан. Харин тэрбум модны хүрээнд 157 мянган модыг тарьж 80 хувийн ургалттай байна. Төсвийн хөрөнгөөр 260 айлын “Орлогод нийцсэн орон сууц” барьж ашиглалтад оруулахаар зорьж байна. Манлайлагч аймаг болоход нөлөөлсөн 100 мянган иргэн, 26 мянган өрх, 4000 төрийн албан хаагч, 8000 гаруй ААН-ийн ажилтан, албан хаагч татвар төлөгч нартаа аймгийн удирдлагын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж манлайлагч аймгийн иргэний хувьд манлайлагч байж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж: Төрийн албан хаагчдын нэрийн баталгаа, ил тод байдал болон нэлээд олон асуудлаар тэргүүлсэндээ баяртай байна

-Жил бүр аймгуудыг Засгийн газар, сайд нартай  байгуулсан гэрээ, хууль тогтоомжийн  хэрэгжилт, аймгуудын шударга байдлын үнэлгээ, төрийн байгууллагын ил тод байдлын үнэлгээ, гэх мэт нэлээд олон индексээр ажил төрлийг нь дүгнэдэг. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймаг тэргүүний шилдэг аймгаар шалгарч байна. Ирэх жилээс аймгуудын шалгуур үзүүлэлтэд дахин шалгуур үзүүлэлт нэмэгдэж байгаа. Тэр нь цахим засаглал, аймгуудад цахимжилт хэр явагдаж байгаа, иргэддээ төрийн үйлчилгээг хэр шуурхай хүргэж байна гэдэг тал дээр заалт нэмж байгаа. Манай аймаг одоогоор аймгийн хэмжээнд e-mongolia аппликейшнийг ашиглаад  67 төрлийн үйлчилгээг авч байгаа бол улсын хэмжээнд нэвтэрч байгаа 641 төрлийн үйлчилгээнээс аль болох олныг нэвтрүүлэхээр анхаарч ажиллана гэж бодож байна. Дараагийн анхаарч байгаа нэг том асуудал бол хог хаягдал. Үүнийг дахин боловсруулах, бууруулах, бэлчээрээ хамгаалах, хөрсний доройтол, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна гэдэг ирэх жилийн шалгуур үзүүлэлт дээр мөн нэмэгдэж байгаа. Бид хог хаягдлаа ялган хуванцар саваар хуванцар шон хийж байна. Түүнийгээ “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд  тарьсан модоо хашаажуулахаар төлөвлөсөн. Харин гурав дах анхаарч буй асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөдөлгөөнд хэрхэн, ямар оролцоотой ажиллав гэдэг шалгуур үзүүлэлт нэмэгдэж байгаа. Үүний дагуу нийт сумдын хэмжээнд мод тарих хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа. Эхний жил учраас усалгаа, хашаа хамгаалалт, тарьц суулгац гээд  бага зэргийн бэрхшээлүүд байна. Гэвч эхний ээлжинд тарьсан модоо бүрэн ургуулах зорилт тавьж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд агаарын бохирдол нэлээд тулгамдсан асуудлын нэг. Тиймээс БНСУ-тай хамтран ДЦС барьж 2024 онд ашиглалтад өгөхөөр энэ оны зургадугаар сараас ажил эхлэхээр төлөвлөсөн. Энэ станц ашиглалтад орсноор том, жижиг 80 гаруй уурын зуухны яндан үгүй болж агаарын бохирдол 50-иас дээш хувиар буурна гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчдын нэрийн баталгаа, ил тод байдал болон нэлээд олон асуудлаар тэргүүлсэндээ баяртай байна.