Цахилгаан дугуй тоглоом биш

Эрэн сурвалжлах

Хавар урт болж салхи, цасан шамарга тавдугаар сарын дунд үе хүртэл тавилаа. Сүүлийн хоёр, гурав хоногоос  л зуны нар зулай төөнөж эхлэв. Хоёрхон хоногийн наранд хот өнгө зүсээ нэмж моддын навчис илт сэргэж нов ногоон болоод байна. Энэ хооронд ялихгүй ямаан зантай монголчууд бид цахим орчинд  “Зуны улирлаа цаад 76 чинь зарчхаж. Дулаарахгүй байна Байгаль орчны сайд оцгор” гээд маазарч байлаа. Бид өнөөдөр аливаа зүйлийг тоглоом наргиа болгон элдэвлэх, хэл амаа билүүдэхээс хэтэрдэггүй болсон гэлтэй. Цар тахлын тархалт буурсан, хөл хорионы хатуу дэглэмгүй болсондоо ч юм уу хаа сайгүй л наадаж, найрласан хүмүүс олширчээ. Гэхдээ нэг зүйлд анхаарлаа хандуулж яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Учир юу гэвээс цаг дулаарч цагаан идээ гарахтай зэрэгцээд ундаг дугуй, цахилгаан дугуй,  скүүтер унасан насанд хүрээгүй хүүхдүүд хотын гудамжаар бэлчиж эхлэв. Тэгээд авто болон явган хүний замаар ёстой л нэг сүнгэнүүлж өгч байна.  Ялангуяа, цахилгаан дугуй, скүүтер нь 40, 50 км цагийн хурд маш богино зайд авдаг гэж байгаа. Гэтэл түүнийг унаж яваа хүүхдүүд дадлага туршлагагүй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй шүү дээ. Ийм учраас авто машинд мөргүүлэх эсвэл явган хүн шүргэж унагах  осол гарах нь нэмэгдэх шинжтэй болжээ.

Үүнээс үүдээд олон хүн  эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй нь. Цахилгаан дугуй скүүтертэй давхиж яваа хэн нэгнийг замын цагдаа барьж аваад журамлах, торгох шийтгэх гэхээс илүүтэй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаас нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөдөлгөөнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж оролцох талаас нь ажил хиймээр байна.

 Учир нь тэд өөрсдөө амь насаа алдах, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох, явган хүний замаар тайван алхаж явсан бусдыг ч бас ийм байдалд хүргэх асуудалд хүрч байгаа юм.  Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын шинэ хэлбэр шахуу зүйл гарч ирлээ гэхэд хилсдэхгүй л болов уу. Ялангуяа явган хүний замаар хүүхэд, хөгшид гэлтгүй залуус ч ялгаагүй энэ аюулыг мэдэхгүй алхаж л явна.

Иймд  зарим эцэг эхэд анхааруулга өгмөөр санагдлаа. Цахилгаан дугуйг насанд хүрээгүй хүүхдүүд их унаж байгаа нь сүүлийн үед өндөр эрсдэл дагуулах болоод байна. Жишээ нь: Англид гэхэд 14 нас хүрээгүй бол унахыг хориглож байгаа юм.

Тэгвэл энэ талаар цахим орчинд зөвлөгөө өгсөн нэгэн иргэний бичвэрээс хүргэе. Тэрбээр “Улаанбаатарт өнөөдөр  хүүхдүүдийн хамгийн их унаж байгаа “Surron” загварын цахилгаан ундаг дугуй  нь асар хүчтэй буюу 45+ mph хурдыг богино хугацаанд авч хурдалдаг. Ийм огцом хурдыг богино хугацаанд авчхаад самбаачилж зогсоох ур чадвар, замын хөдөлгөөний урсгал, дүрмээ мэдэхгүй бол өндөр хурдтай цахилгаан дугуй унасан "амиа золиослогч хүүхэд" болж хувирна шүү. Хүүхдээ одоо биш юм аа гэхэд хэдэн сар, хэдэн долоо хоногийн дараа алдах ч магадлалтай.

Миний бодлоор 16 хүрсэн хүүхдэд хүчин чадал нь 30 mph-ээс хэтрэхгүй цахилгаан дугуй авч өгөх, замын хөдөлгөөний дүрэм, ойлголттой болгох шаардлагатай шүү. Мөн 18 нас хүрсэн жолооны курс төгссөн бол 45 mph-ээс дээш хурдтайг унаж болно гэж ангилах нь арай энгийн амьдралд нийцсэн шийдвэр болно. Тэгвэл 14 хүртэлх насныханд энгийн унадаг дугуй нь арай аюул багатай. Дугуй унадаг дүү нар машин сүлжиж яваад хэрэггүй шүү. Сүлжээд эхэлбэл тэгээд үхэл рүүгээ ойртоно. Үгүй бол хүнд бэртэнэ шүү. Ядаж дуулга өмсөөчээ! урагшаа годройтоход тархи толгой чинь хамгийн түрүүнд бэртдэг юм” хэмээжээ. Тэгэхээр хүүхдүүддээ насанд нь тохирсон унадаг дугуй авч өгөх, өөрөө болоод өрөөлд аюулгүй замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, туршлага олгох зайлшгүй шаардлага өнөөдөр тулгарч буй юм. Мөн Тээврийн цагдаагийн алба ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Бид элдэв зүйлд маазарч суухаас илүүтэй ийм зүйлд анхаарч байх нь зүйтэй санагдах юм.