Эрээн хот орчимд нүүрсний экспортын задгай тээврийг зөвшөөрчээ

Нийгэм, Эдийн засаг

 

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай   албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм. Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон.  Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм.