Япон улс ОХУ болон Луганскийн 71 компани, 140 иргэний эсрэг хориг тавилаа

Дэлхийн мэдээ

Япон улс оросын агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэглэл, пуужингийн эсрэг зэвсэглэл үйлдвэрлэдэг “Алмаз-Антей” концерн, “тактикийн пуужингийн зэвсэглэл” корпораци зэрэг 71 компанийн эсрэг хориг тавьснаа японы Батлан хамгаалах яам тавдугаар сарын 9-нд зарлалаа. Үүний зэрэгцээ ОХУ-ын иргэн 140 хориг тавьсны дотор оросын Ерөнхий сайд Михаил Мишустин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Рашид Нургалиев нар болон Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын удитрдлагууд оржээ. Хоригоор энэ  компани, хүмүүсийн активыг царцааж байгаа юм байна.

Үүний өмнө Япон улс оросын 398 иргэн, 28 байгууллагын эсрэг хориг тавьж, Сбербанк болон  Альфа-банкны активыг царцааснаа дөрөвдүгээр сарын 12-нд зарласан юм.

Энэ удаа нэмэлт хориг зарласнаар  Японы хоригийн жагсаалтад ОХУ, Белорусс, Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын нийт 700 гаруй иргэн, оросын 200 гаруй компани, байгууллага ороод байгаа юм. Мөн 300 нэрийн бараа бүтээгдхүүн, технологийг экспортлохыг хориглосны дотор хагас дамжуулагч, далай болон нислэгийн аюулгүй байдал хангах тоноглол, теле болон холбооны хэрэгсэл, программ хангамж, нефть боловсруулах тоног төхөөрөмжүүд оржээ.

Оросын компани, иргэдийн эсрэг шинэ хориг тавьж байгаагаа Японы Ерөнхий сайд Фумио Кисида тавдугаар сарын 5-нд зарласан юм.

Японы эрх баригчид Оростой харилцаагаа муутгах гэж бүхнийг хийж байна гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын хорооны дарга Григорий Карасин энэ өдөр мэдэгдээд  энэ бүхэнд японы өндөр албаныхан буруутай гэжээ.

Энэ бүхний хариу болгож Орос бас Японы 63 иргэнийг орост зорчихыг хориглоод байгаа юм.  

Орос улс хоёрдугаар сарын 24-нд Донбассыг хамгалаах нэрийн дор Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээр гадаад улс орнууд оросын эсрэг шинэ хоригууд тавиад байгаа юм.