Оросын нисэх онгоцын систем найдваргүй ажилладаг тул нэмэлтээр GPS төхөөрөмж "Скоч"-оор наадаг уу

Дэлхийн мэдээ

Украинд сөнөсөн Оросын армийн байлдааны нисэх онгоцнуудын хянах самбарт наалддаг туузаар (скочоор) тогтоосон GPS төхөөрөмж олдсон тухай Их Британийн батлан хамгаалахын сайд саяхан Лондон хотод болсон арга хэмжээний үеэр хэлжээ.

Сайд Бэн Уоллос өнгөрсөн Даваа гарагт дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан дайчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохдоо энэ тухай ярьсан байна.

“Оросын сөнөсөн Су-34 нисэх онгоцнуудын хянах самбарт наалддаг туузаар тогтоосон GPS төхөөрөмж олдсон нь тэдний өөрийнх нь систем найдваргүй ажилладаг тул нисгэгч байрлалаа тодорхойлоход ашиглаж байсан бололтой” гэж тэр хэлжээ.

Уоллос цааш нь ярихдаа “Эндээс харвал Орос улс их хэмжээний зэр зэвсэг парадад жагсааж харуулах дуртай ч тэдгээрийг нэгдсэн маневрт ашиглах боломж муу, зүгээр л бөөнөөр нь үйлдвэрлэдэг бололтой” гэж дүгнэсэн байна.

1990-ээд оны эхээр Зөвлөлт Холбоот Улсад анх үйлдвэрлэгдсэн Су-34 сөнөөгч онгоц одоо ОХУ-ын агаарын хүчний гол зэвсэг болдог.

Оросын армийн зэвсэг техник хуучирсан, хоцрогдсоныг батлах баримтуудыг Украины тал мэдээлсээр байгаа.

Өнгөрсөн сард Украины цэргүүд скочоор нааж, шатахууны савны тагны оронд ундааны хуванцар сав тогтоосон Оросын дроныг харуулж байв.

Бас гуравдугаар сарын сүүлээр Оросын цэргүүдийн байлдааны талбарт орхисон эд зүйлсийн дотор 1978 онд үйлдвэрлэсэн шархны боолт олдож байжээ.

Бэн Уоллос хэлсэн үгэндээ Украинд байлдаж буй Оросын цэргийн автомашинуудаас 1980-аад оны хэвлэмэл газрын зураг олдсон тухай, Оросын цэргүүд танк, ачааны машинуудаа цохилтоос хамгаалахын тулд нарсан банзаар нэмж хаалт хийсэн байсан зэрэг жишээнүүдийг дурдсан байна.

Даваа гарагт Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад зохион байгуулагдахад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх хүчний үзүүлбэрээ цуцалж байв.

Уг арга хэмжээнд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ямар нэг онцгой шийдвэр зарлаагүй өнгөрсөн юм.