БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сог Ёл мягмар гарагт /2022.05.10/ тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орлоо

Дэлхийн мэдээ

Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр аюул заналхийлэл учруулж байгаа ч Умард цөмийн зэвсгээсээ татгалзвал эдийн засгийг нь сэргээх, ард түмнийх нь амьдралын чанарыг дээшлүүлэх “зоримог” төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв.

26 жил прокуророор ажилласан 61 настай Юн Сог Ёлыг хоёр том сорилт хүлээж байна гэж Ройтерс бичжээ. Нэг нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бол хоёр дахь том асуудал нь хоёр жил  үргэлжилсэн ковид-19 цар тахлаас үүдэлтэй инфляц.

Тэрбээр Умард Солонгосын талаар хатуу бодлого баримтлах тухай дохио өгч байсан ч тангараг өргөх ёслолын үеэр Пёньянтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлэв.

Түүний хэлснээр, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр БНСУ төдийгүй Зүүн хойд Азийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ч яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй байгаа бөгөөд асуудлыг энхийн замаар шийдвэрлэх боломжтой гэж Юн Сог Ёл онцолсон байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 9-нд болсон. “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сог Ёл 48.56 хувийн санал авч, ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч, эрх баригч “Тобуро” намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авсан юм.