П.Сайнзориг: Торгуулиа хугацаанд нь төлбөл 50 хувиар хөнгөлөнө

Эрэн сурвалжлах

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг  хэлэлцэв.

УИХ-ын гишүүн,  Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

-Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулсан. Үүний  97 хувийг иргэнд, гурван хувийг хуулийн этгээдэд ногдуулсан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдэх нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэсэн байна. Тус хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 7.3 сая орчим зөрчил бүртгэгдсэн. Дунджаар нэг жилд 1.9 сая зөрчил бүртгэгддэг. Түүнчлэн нийт зөрчлийн 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд, танхайрах, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Худалдаа үйлчилгээний журам зөрчих зөрчлүүд жин дарж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хуулийн төсөлд “Оноосон торгуулийн тогтоосон хугацаанд төлсөн бол шийтгэлийн хоёр дахин хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулна” гэдэг заалт байна. Жишээ нь, 100 мянган төгрөгийн торгуулийг 14 хоног дотор төлнө гэдэг хугацаа өгсөн тохиолдолд энэ хугацаанд 50 мянган төгрөг төлж болно гэж ойлголоо. Тэгвэл 100 мянган төгрөг төлснийхөө дараа 50 мянгыг нь буцааж авна гэсэн үг үү. Эсвэл ногдуулсан торгуулийн 50 хувийг хугацаандаа төлчихвөл гүйцэд төлсөнд тооцох уу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Торгууль шийтгэлийг хугацаанд нь төлөөд, 50 хувь хөнгөлүүлэх асуудлыг иргэдэд чирэгдэл учруулахгүй, техникийн шийдлээр зохицуулна гэж үзэж байгаа.

 

Жишээ нь, 100 мянган төгрөгөөр торголоо гэж бодоход, хугацаандаа 50 мянган төгрөг төлөх юм бол тухайн торгуулийг төлөгдсөн байдлаар тооцох техникийн шийдлийг бий болгохоор ХЗДХЯ ажиллаж байгаа. Зөрчлийн бүртгэлийн мэдээллийн системээр энэ асуудлыг нэг мөр шийднэ. Торгуулийн төлбөрийн системийг E-Mongolia болон НӨАТ-ын баримт уншуулдаг системтэй холбоно. Ингэсэн тохиолдолд иргэд заавал банканд очих шаардлагагүйгээр торгуулиа төлөх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд төрөөс авах дараах үйлчилгээг хязгаарлана. Үүнд, Жолооны үнэмлэх нөхөж авах, сунгуулах, Гадаад паспорт авах, Төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрхийг хязгаарлана.

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 -Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сануулах гэдэг шийтгэл шинээр орж ирж байна. Зарчмын хувьд зөв байж болно. Гэхдээ зарим төрлийн зөрчилд сануулах нь үр дүнгүй. Тухайн буруутай үйлдлийг өөгшүүлэх арга хэмжээ болох вий. Хүний эрх, хүчирхийлэл, садар самуун гэдэг юм уу энэ төрлийн зөрчилд сануулж болохгүй.  Хүчирхийлэл, садар самуун аллагыг сурталчилж буй буйд сануулах нь үр дүнгүй. Дээрх зөрчилд торгох, баривчлах, эрх хасах нь зүйтэй.

 УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

 -Шинэчилсэн найруулга байдлаар орж ирж буй хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд бий. Хатууд хатуу, зөвд зөөлөн хандаж байж гэмт үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого хэрэгжих учиртай. Таван жилийн хугацаанд энэ хуулийг надтай холбогдуулж байгаа. Гэхдээ би үзэл бодол, төрийн гэмт хэргийн бодлого, ялын бодлого зөрчлийн эрх зүйн эсрэг тэмцэл бодлогоос нэг ч алхам ухраагүй. Сануулах арга хэмжээг оруулж ирж буй үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчилье. Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.

 УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

 -Цахим орчинд хэн нэгний нэр дүрээр, нэгнийхээ нэр хүндэд халдаад сүүлдээ улс төрийн шинжтэй үйлдэл болж, түүнд нь төр засгийн шийдвэр хөтлөгддөг байдал руу орох нь. Европын орнууд сошиал орчны хэрэглээг бодит хүнээр нь хэрэглэх шийдэл рүү явцгааж байна. Энэ талаар Зөрчлийн хуульд ямар зохицуулалт орж ирж байна вэ. Няцаах эрхийн талаар орж ирж байгаа юу. Ардчилал, хүний эрх, хэвлэн нийтлэх эрх оролцогч талуудын зөв оролцоонд суурилж байж хийнэ.

ХЗДХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

 -Цахим орчинд гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал оруулсан. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд яваа гэж ойлгож байгаа. Гүтгэх худал мэдээлэл тараах асуудлын цаана нэр хаягаа нуусан этгээд цахим хэрэгслийг ашиглаж үйлддэг зүйл бий. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд нэрээ нуусан хүнийг олоход хэцүү байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа цаашдаа сайжруулахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр 22 байраар ухарсан үзүүлэлт гарсан. Сэтгүүлчид юу гэж хариулж байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа улмаас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж нийт судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 64 хувь нь хариулсан байна лээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

 -Цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна. Үүний цаана амиа хорлолт, гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Цаашид ямар зохион байгуулалт хийх вэ. Хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж нь ямар байна вэ?

 УИХ-ын гишүүн,  ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар:

 -Цахим мөрийтэй тоглоомын асуудал манай яамны толгойн өвчин болсон. Жилд ойролцоогоор мөрийтэй тоглоомтой холбоотой гадагшаа гарч буй 100 орчим тэрбум төгрөг эргэлдэж байна. Кибер цагдаагийн алба гадаадад  нэвтрэлт хийдэг сайтыг Монголын талаас хаалгасан. Монголын  арилжааны банкуудыг тухайн дансаар гүйлгээ хийлгэхгүй байх зохицуулалтыг хийж өгсөн.