Нийтийн тээврийн талаар нэг шийдэлд хүрэх цаг болсон юм биш үү

Эрэн сурвалжлах

Хүн бүр өөрийн гэсэн өмчтэй байх, зах зээлийн зарчим хэрэгжсэний нэг үр дүн нь хүн бүр машинтай болсон. Тэгээд ч жолооч гэдэг нь мэргэжил байхаа больж, хэрэглээ болсноор өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 600 орчим мянган машин хөлхөлдөж замын түгжрэл, авто зогсоол гэдэг хотын удирдлагаас авхуулаад иргэн бүрийн толгойны өвчин болоод удаж байна.

Эрхбиш энэ зовлонг мэдэрсэн хотын дарга бүхэн л нэг хувилбар дэвшүүлдэг ч хэрэгжиж бүтсэн нь огт үгүй 30-аад жил болж байгаа нь энэ.

Хамгийн эхлээд л нийслэлд рейлбус буюу хөнгөн галт тэрэг аялуулж хотын баруун зүүн талыг холбон зорчуулна хэмээн буудал хүртэл байгуулсан ч  хэрэгжээгүй өнөө галт тэргээ хааяа нэг орон нутагт зорчуулсаар өнөө хүрсэн. Дараа нь юу юугүй л метро байгуулих юм болоод байсан нь бас бүтээгүй, дараагийн Засаг дарга нь агаарын дүүжин тээвэр хөгжүүлнэ хэмээгээд бүр нэгийг авчирч үзүүлээд л гайхуулж байсан ч дэмий л хэдэн доллар үрж дундаас нь цавчиж, УИХ-д сонгогдсоноос  хэтрээгүй. Тэгснээ бетонон хөлт төмөр зам тавьж агаарын галт тэрэг явуулах мундаг шийдэлд хүрсэн ч мөн л чимээ тасарсан. Хотын орлогч байсан нэг мангар нийтийн тээврийн автобусыг замын голоор явуулж зам дээрх гүүрэн гарцаар зорчигчдоо суулгаж байна гэж нэг хэсэг яриад төд албанаасаа огцорсон.

Одоо нийслэлийн ерөнхий архитектор нь Туул голыг салаалан хотынхоо дундуур урсгаж, урсцыг нь сайжруулаад Венец, Амстердам шиг усан тээвэр явуулна гэж сууна. Голын урсцыг сайжруулах хаалт далан барих төслийг улайран эсэргүүцэгч Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-д сууж байхад энэ төсөл мөн л хэзээ ч бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ядаж байхад тэр аварга нь нэг намынх нь хүн. Тэгээд ч МАН-ын эрхэм Ми.Энхболдын “хичээл зүтгэл”-ээр хотын дундуур гол урсгах бүү хэл явган хүн явах аргагүй барилга чигжчихсэнийг энэ хүн харсан л байлтай.

Энэ бүхнээс юу бодогдож байна вэ гэхээр хотын нийтийн тээврийг сайжруулж, авто замын түгжрэл, зогсоолын асуудлыг шийдэх нэг мөрийн шийдэлд хүрэхгүй бол түр зуурын албанд томилогдох дарганцар бүрий нэг тэнэг юм ярьж, төсөл хөтөлбөр боловсруулах зураг төсөл хийлгэх гээд баахан хөрөнгө мөнгө үрээд, дундаас нь баахан мөнгө иддэг явдал үргэлжилсээр байх нь.  Чухамдаа үе үеийн дарганцруудад нийтийн тээврийг сайжруулчихъя, замын түгжрэл, авто зогсоолын асуудлыг шийдчихье гэсэн сэтгэл өчүүхэн ч төдий байхгүй, гагцхүү юун түрүү  олон нийтэд таалагдах, дараа нь дундаас нь мөнгө цавчих сэтгэл нь дийлчихээд байгаа нь гарцаагүй үнэн.

Үүнээс гарах хамгийн зөв арга зам нь энэ асуудлаар эрдэмтэн мэргэдийг оролцуулаад хол ойрын туршлага, сайн жишээг судалж байгаад томоохон хэлэлцүүлэг өрнүүлээд яг юу хийх, хэдий хугацаанд хийхээ шийдээд яг тогтчих явдал. Тэгээд жил бүрийн төсөвтөө тодорхой хөрөнгө мөнгө тусгаад аль намын хэнбугай нь ч Нийслэлийн Засаг дарга, хотын захирагч болсон түүнийг л хийгээд явдаг бол хэзээ нэгэн цагт бодит ажил болж хэрэгжих нь лавтай.

Эс тэгвээс хэн нэгэн даргын цүнх барьж гүйж байгаад дарга болсон нэг нь хотынхоо иргэдийг бүгдийг нь нисдэг, далавчтай болгоё ч гэж мэдэх нь. Үгүй юм аа гэхэд нийтийн тээврийг шийдэх өөр олон /гэхдээ манайд хэзээ ч бүтэхгүй/ арга замуудаас нэрлээд байвал дуусахгүй, хот ч нийтийн тээврээ шийдэж чадахгүй.  Одоо удахгүй дараагийн алба авах  нэг мангар нь бага оврын онгоц, нисдэг такси, агаарын бөмбөлөг, пуужин гээд санаанд орсон, шөнө зүүдэлсэн, кино сайтаас олж харснаа яриад, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед баахан мөнгө үрэх нь.