Гишүүд 304 тэрбумаасаа татгалзвал төсвийн алдагдал яг энэ хэмжээгээр буурна

Улс төр

Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийх эсэх нь эргэлзээтэй ч зайлшгүй тодотгохоос аргагүй цаг үе тулж ирчихээд байна. Ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 18 их наяд байхаар тусгасан нь одоогийн үйлдвэрлэж буй ДНБ-ий хэмжээний 38-40 хувь.

Энэ нь манай улсад эргэлдэж буй 10 төгрөг болгоны дөрвөн төгрөгийг улс мэднэ, үлдсэн зургаан төгрөг нь олон нийтэд, хувийн хэвшилд үлдэнэ гэсэн үг. Нөгөө талаар төсвийн алдагдал буурахгүй харин ч өссөөр байгаа нь нууц биш. Энэ оны төсвийн алдагдлыг хоёр их наяд /2 000 000 000 000/ төгрөг гэж төлөвлөсөн байгаа юм. Өмнөх онуудад бас ийм л хэмжээний алдагдалтай байсан.  Энэ бүх алдагдал болоод эдийн засгийн өнөөгийн хямралыг туулах ганц зөв зам бол хэмнэлт гэдэг нь тодорхой.

УИХ-ын дарга “хэмнэе” гэж түрүүлж дуугарсан хэдий ч хэрхэн аж хэмнэх тухайгаа хэлж чадсангүй. Тэгвэл үнэхээр хямралыг туулах, төсвийн алдагдлыг бууруулах ганц арга бол хэмнэлт. Тэгэхээр яаж хэрхэн хэмнэх вэ гэдэг гаргалгаа чухал. Эрхэм спикер “хэмнэе” гэж хоосон лоозогнож, хоолныхоо зардлыг хэрхэн хүргэх, яаж олох тухай бодож, хэзээний бүсээ чангалах горим руу орчихоод байгаа иргэдээ басамжлах мэт хэлж суухын оронд Нэг гишүүнд дөрвөн тэрбум гэхээр нийт 304 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол төсвийн алдагдлын 15.2 хувьтай тэнцэнэ. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдлыг 15.2 хувиар бууруулах боломжтой гэсэн үг. Иргэд бүсээ чангалж байгаа энэ үед УИХ-ын гишүүдэд ийм их мөнгө өгөхөө болих хэрэгтэй.

Энэ шударга бус хуваарилалтыг Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ авлигадаж байгаа нэг хэлбэр гэдгийг хэлж шүүмжлээд байхад тоож харж, тогтоож тунгааж байгаа нэг ч хүн алга. Энэ бол яалт ч үгүй улс төрийн зорилготой. МАН-ыг аль болох засгийн эрхэнд удаан байлгах тактик. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзаж чадахгүй. “УИХ-ын гишүүн би тойрогтоо энэ сургууль, цэцэрлэг, замыг санаачлан бариулсан учраас дахин сонгогдмоор байна” гээд л ирэх сонгуулиар PR-аа хийнэ шүү дээ. Үнэн хэрэг дээрээ төсвөөс зөвхөн нэг хүнд нэг гишүүнд зориулж ийм их мөнгө хуваарилах биш хаана ямар бүтээн байгуулалт хийх хэрэг байна, тэнд төсөв хөрөнгөө хуваарилаад явах боломж байсаар байхад иргэд сонгогчдын саналыг худалдан авах бас өөрсдийн дутууг нөхөх боломж олгох гэж ийм их мөнгийг тойрогт хуваараилдаг тэнэг тогтолцоогоо л өөрчилчих.

Эрхмүүдийн нэр дээр тойрогт хуваарилж байгаа энэ 304 тэрбумыг эхний ээлжинд хэмнэе, УИХ-ын дарга аа. Энэ хөрөнгөөр аль нэгэн аймаг сум, дүүрэгт сургууль, цэцэрлэг бариад өгөх сэтгэлтэй хүн энэ УИХ-д алга гэж үү. Тойрог бүрд дөрвөн тэрбум төгрөг хуваарилж байхаар мэргэжлийн эдийн засагчдын комисс байгуулж, гадаад өрийг багасгах, дефолтоос хамгаалах ажил хиймээр байна. Ингэж дөрвөн тэрбум төгрөг хуваарилбал эдийн засаг чинь дийлэхгүй, бүр ирээдүйн эдийн засаг ч дийлэхгүй шүү дээ. Гадаад өрийг бууруулах хамгийн гол механизм бол төсвийн алдагдлыг бууруулах.

Гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдал хоёр их наяд биш 1.7 их наяд гарч болохоор байна шүү дээ. Нөгөө талаас УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсныхаа төлөө  20 сая төгрөгийн шан харамж авдгаа яг одоо болих хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулах, хууль батлах чинь Таны үүрэг, хийх ёстой ажил. Яахаараа ам хөдөлбөл төсвөөс мөнгө авч байдаг ийм арчаагүй муухай шуналын сэтгэлээсээ салж чаддаггүй юм бол оо.