УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, өнөөдөр таксигаар үйлчлүүлж яваа зургаа нийтэлжээ

Улс төр

Залуусын жагсаалаас үүдэн Ерөнхий сайд төрийн албан хаагчдад тасалгааны метр квадратыг зааж, хэмнэлтийн горим руу шилжих болсныг мэдээлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын харъяа байгууллагын ажилтнууд "Лескус 570", "Ланд 200" маркийн автомашинуудыг албан хэрэгцээнд унахгүй болсон билээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, өнөөдөр таксигаар үйлчлүүлж яваа зургаа нийтэлжээ. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр гишүүд гар утасны төлбөр, тойргоо услах дөрвөн тэрбумыг авдаггүйг онцолсон. Тухайлбал, “Гишүүд дөрвөн тэрбумыг төсвөөс авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулалтын эрхтэй холбоотой асуудал.

Гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг ташаа мэдээлэл. Өмнө нь ч тийм байгаагүй. Гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Бензиний төлбөр сарын хугацаанд 500 мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг” гэсэн хариулт өгч байв. Мөн тэрбээр нэгэн иргэний асуултад "Миний сарын орлого гурван сая төгрөг" гэж хариулсан байна.