Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өглөө

Улс төр

Өнөөдөр /2022.04.13/ 11.40 цагт Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ гэж АН мэдэгдсэн юм.

Энэ дагуу Х.Баттулга болон  намын гишүүд Дээд шүүхэд ирж, материалуудаа хүлээлгэн өгчээ. Улсын дээд шүүх ажлын тав хоногийн хугацаанд бүртгэхэд дутуу материал байвал тус намаас шаардах эрхтэй. Нийт 9978 хуудас буюу 55 боть материал хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөдөр Ардчилсан намынхан бүртгэлийн ажлаа хийхээр Дээд шүүхэд ирээд байна. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Дээд шүүх бүртгэлийн байгууллага учир бүртгэх ёстой. Би намынхаа дунд, анхан шатны байгууллагынхантай уулзаад эхэлсэн. Орон нутгаар явж аймаг, сумын төлөөлөгч нартай мөн удахгүй уулзана" гэв.

АН-ын гишүүн Д.Батсайхан: Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус Их хурал боллоо. Тус Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514  үүр хороодын 1348 төлөөлөгч сонгогдон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүх гишүүний дунд явуулсан, сонгуульд 96.3 хувийн санал авсан, Х.Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл Их хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо хуралдахгүй. Их хуралд оролцсон, хамгийн өндөр настай төлөөлөгч 81 настай, хамгийн залуу нь 19 настай байв. Намын дүрэмд орсон өөрчлөлт намын даргатай ямар ч хамаагүй.  

"ДЭЭД ШҮҮХ МАН-ЫН ДОХИО ЗАНГААГААР ШИЙДВЭР ГАРГАДАГ БОЛЧИХСОН"

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: АН 21 аймаг, есөн дүүрэгт салбар нэгжтэй улс төрийн хүчин. Гэтэл Дээд шүүх улс төрийн шийдвэр гаргаж, АН-ын бүртгэлийн асуудлыг удаа дараа хойшлуулж, маргаантай байдалд хүргэж байна. Үүнээс харахад УДШ МАН-ын харъяа байгууллага шиг ажиллаж байна гэдэг дүгнэлт гарч байна. Уг нь бол Дээд шүүх зөвхөн бүртгэлийн ажлыг хариуцах ёстой болохоос биш субьектийн хувьд дарга нь ийм, тийм байх ёстой гэсэн дотоод асуудалд орох хууль эрх зүйн боломж байхгүй. Гэтэл дээд шүүх МАН-ын дохио зангаагаар шийдвэр гаргадаг болчихсон. 

Хуульч Б.Ган-Очир: Улс төрийн намын бүртгэлийг хөтлөх журам гэж бий. УДШ энэ журмын дагуу бүртгэлийн ажил явуулна. Бичиг баримт дутуу бол бидэнд тав хоногийн дотор мэдэгдэх ёстой. АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, намын их хурлыг зарласан, хуралдсан бүртгэл гэх мэт маш дэлгэрэнгүй 9978 хуудас материал буюу 55 боть материалыг өгсөн. Энэ магадгүй Монголын түүхэн дэх хамгийн их материалыг бүрдүүлж өгч буй, хууль ёсыг хамгийн ихээр сахиж буй үйл явдал болж байна. Харин бусад намууд бүртгэлийн үеэр хурлын тэмдэглэл гэх нэг хуудас цаасыг Дээд шүүхэд өгөхөд бүртгэдэг. Ардчилсан намын тухайд бичиг баримтаа ширхэг болгоноор нь тоолж, сум болгоноос баримтаа бүрдүүлдэг. Тийм учраас УДШ үүнийг бүртгэх үүрэгтэй. Харин бидний бүрдүүлж өгсөн материал Үндсэн хуулийг зөрчсөн байвал эсвэл намын дүрэм хүний эрх, хууль зөрчсөн татгалзах үндэслэл болно" гэв.       

АН-ын үндсэн дүрмийн хорооны дарга н.Мягмардаш: Манай намын эрх барих дээд байгууллага нь Их хурал юм. Энэ сарын 7-нд зохион байгуулсан Их хурлаар С.Эрдэнийн тамгыг хүчингүйд тооцсон. Хүчингүйд тооцсон тогтоолыг баталгаажуулсан учир энэ асуудал дуусгавар болсон.