Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйнд тавигдах шаардлагыг заасан байдаг.

Нийгэм, Эдийн засаг

Урин дулааны цаг ирж байгаа энэ үед иргэд дугуй унах нь ихэсдэг. Тэдэнд тоормос нь бүрэн ажиллагаатай, жолоодлого хэвийн, хонх, сигналтай, гэрэл ойлгуур, цацруулагчтай унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйнд тавигдах шаардлагыг заасан байдаг.

Тодруулбал тоормос бүрэн ажиллагаатай, жолоодлого хэвийн, ослоос сэргийлэх хонх, сигналтай байх, урд талд цагаан, хойд талд улаан, хоёр хажуу талд улбар шар өнгийн гэрэл ойлгуур, цацруулагчтай байх, шаврын хаалттай байна хэмээн заажээ.

Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр явган хүний зам дээр унаж хөдөлгөөнд оролцоно.

10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар явна.

Харин 14-өөс дээш насны хүн унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр зорчино. Дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун гар талын замаар байрлан явахыг зөвлөв.