Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Нийгэм, Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ  оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 860 тэрбум төгрөг буюу 50.0%, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 840.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Төсвийн  тэнцэл 2021 оны эхний хоёр сард 112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2022 оны эхний хоёр сард 32.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны хоёрдугаар сард 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 575.4 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 173.2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төсвийн тэнцэл 2021 оны 12 дугаар сард 1 их наяд төгрөг, 2022 оны нэгдүгээр сард 358.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин хоёрдугаар сард 390.4 тэрбум төгрөгийн ашигтай байна. Төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 1.4 нэгж хувиар өсөж, татварын бус орлого 4.2 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 2.5 нэгж хувиар буурч гарчээ. 

Харин  төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хоёр сард 2.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 695.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеэс 606.8 (39.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.