БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийгэм, Эдийн засаг

  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын бизнес эрхлэгчдийг төлөөлж Шүншин нүүрс химийн аж үйлдвэр технологи ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Жи Гуо Бао, МҮХАҮТ-ын Хөлөнбуйр, Манжуур хот дахь төлөөлөгч Р.Мөнхбат нар уулзав.

Уулзалтын үеэр Манжуур хотын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бизнесийн хамтын ажиллагаа, худалдааны чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн төдийгүй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлд бүх талаар хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Мөн хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-Монгол Улс-БНХАУ дамнасан авто машинтай аяллыг эхлүүлэх, шингэн нүүрс төрөгчийн материал үйлдвэрлэлийн төслөө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ГХХАГ-ын дарга Ц.Гэрэлсайхан нарт танилцууллаа.