“ЦЭРГИЙН АЛБАНЫ САЙХАН БҮХНИЙГ МАГТААД БАРШГҮЙ ЮМ, ААВ МИНЬ"

Нийгэм, Эдийн засаг

     “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид ар гэрийнхэндээ талархлын захидал илгээжээ.

Захидлын эхэнд тус ангийн захирагчийн зүгээс дайчдынхаа гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”-т зориулсан мэндчилгээ, талархлыг хүргэж, үргэлжлүүлээд байлдагч, дэд түрүүч, түрүүч нар албаны тухай, гэр бүлийнхээ тухай, анд нөхөрлөлийн тухай бичсэн байна. Олон хугацаат албаны дайчдын төлөөлөл болгож байлдагч Б.Адарсүрэнгийн захидлаас хуваалцахад “Сайн байцгаана уу, газрын хол усны уртад суугаа хайртай гэр бүл, элгэн садан, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэн явсан арван жил, оюутан цагийн найзууд минь цөмөөрөө сайн сууж байна уу. Хүү нь, дүү нь, найз нь сайн. Олон аавын хөвгүүдтэй зэрэгцэн албаа нэр төртэй хааж байна.

        Цэргийн албанд цугласан нутаг нутгийн залуус энэ сайхан албанд ирснээр нэг л зорилготой үлддэг юм байна. Энэ бол “Эх орноо хамгаалах, эр цэргийн албанд хоёргүй сэтгэлээр суралцах” юм. Бидний дотор Монгол хэмээх зүрх цохилж наран мандахаас, саран гийх амьдрал нэгэн адил хэмнэлээр үргэлжилнэ. Цэргийн албаны сайн сайхан бүхнийг магтаад баршгүй. Ойрноос эх орон, эр цэргийн талаар шүлэг бичмээр ч санагдаад байх юм. Болвол сайхан шүлэг бичээд та бүхэндээ илгээнэ ээ. Сайхан нөхөдтэйгөө түшилцэж туулдаг ганцхан жилийг одоо ингээд бодоход богинохон байна. Учир нь миний хажууд цэргийн нөхөд маань байна. Тийм болохоор хүүдээ битгий санаа зовоорой. Хүү нь албаа нэр төртэй хаагаад мөдхөн очно оо. Сайн сууж байгаарай. Хайртай хүүгээс нь” гэжээ.