МҮХАҮТ-ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байр шинээр бий болгох замаар дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, State Bank of Mongolia (Төрийн банк)-ны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд Танхимаас зохион байгуулж буй эдийн засаг, бизнесийн хууль эрхзүй болон бодлогын өмгөөлөлтэй холбоотой судалгаанд идэвхтэй оролцох, гишүүн компаниуд, хувиараа бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулан хамтран ажиллахын зэрэгцээ жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Тодруулбал, үндэсний томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулахад анхаарч, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбарын мэдээ мэдээлэл, судалгаа, тоон мэдээллийг харилцан солилцох юм.

Энэ үеэр Төрийн банканд МҮХАҮТ-ын ДАЙМОНД гишүүний гэрчилгээг гардуулан өглөө.