С.АДЬЯАСҮРЭН: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛСОН

Нийгэм, Эдийн засаг

   Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл дүүргүүдэд ажиллах үеэрээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсож байгаа. Өчигдөр Баянзүрх дүүрэгт ажиллахдаа “Эвт зөгий” оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цех нь нэг оёдлын машинтай хос хувцас үйлдвэрлэж байсан бол өдгөө 7 оёдлын машинтай, хатгамалын иж бүрэн төхөөрөмжтэй болон өргөжиж бүх төрлийн хувцас захиалгаар үйлдвэрлэж байна. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авсан. Түүгээрээ хатгамлын машин авч үйлдвэрлэлээ өргөжүүлж чаджээ. Захиалга хангалттай ирдэг ч бараа материалын олдоц муу байгаа нь үйлдвэрлэлд хүндрэл учруулж байна. Их хэмжээгээр материал нийлүүлэх газраа судлаж холбоо тогтоосон талаар тус цехийн эзэн С.Адьяасүрэн танилцуулсан юм.  

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого зорилт, шинээр хэрэгжих арга хэмжээ, хууль дүрэм журмын шинэчлэл, ерөнхий газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэдгээрийн явцын талаар мэдээлэл өглөө.  Тэрээр, “Хөдөлмөрийн мэргэжилтэн халамжийн мэргэжилтэн тус тусдаа ажиллах биш хамтран ажиллаж байж “Халамжаас хөдөлмөрт” бодлогын зорилт биелнэ. Халамж авах шаардлагатай зорилтот бүлгийн иргэний талаарх мэдээллийг хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хуваалцаж, энэ хүнийг ажилтай орлоготой болгох, ажилд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах ямар боломж байна гэдгийг ярилцаж уялдаатай ажиллах хэрэгтэй” -г албан хаагчдад онцгойлон анхаарууллаа.