Д.Нямхүү: Covid-19 гурван хүнээс илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 оронд тархаж, нийт есөн сая 679 мянган хүн халдвар авч, 488 мянган хүн нас бараад байна. Одоогоор 3.2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 150 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. АНУ, Бразил, Энэтхэг халдвараар тэргүүлж байна. АНУ-д ирэх долоо хоногт халдварын оргил үе болно гэж үзэж байгаа. Мөн Европын зарим оронд хөл хориог сулруулснаар халдварын тохиолдол нэмэгдэж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7113 хүн халдвар авч, 92 хүн нас барсан. Монгол Улсын хувьд хяналтад 2566 хүн байна. 1-5 насны 13 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна. Сүүлийн 24 цагт шуурхай 119 дугаарын утсанд 164 дуудлага ирлээ. Мөн шуурхай аппликейшнд ОХУ, Турк, Япон, АНУ-аас иргэд холбогдож мэдээлэл авсан.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.26/ 171 хүний шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 168-д вирус ирээгүй. Харин гурван хүнээс вирус илэрлээ. Энэ нь зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан.

ХӨСҮТ-өөс өнөөдөр 19 настай оюутан эдгэж дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт тохиолдол 219 болж, 179 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 42 хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа.