Швейцарын прокурорт хэрэг нь шалгагдаж байгаа хоёр хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тухай мэдээлжээ

Эрэн сурвалжлах

Швейцарын Swiss Info сонины өчигдрийн дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний авлига, мөнгө угаалтын хэрэг тус улсын прокурорын газарт шалгагдаж байгаа тухай мэдээлжээ.

Мэдээнд нэр дурдагдсан хүмүүс нь С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нар юм. 2007-2008 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед Б.Дэлгэрсайханы Zurich банкны дансанд Хятадын хөрөнгө оруулагчаас $45 сая орж ирсэн бөгөөд үүнээс 8.2 сая еврог тэр С.Баярцогтын Credit Suisse банкны дансанд шилжүүлж байсныг дээрх мэдээнд өгүүлжээ.

Дараа нь 2013 онд офшор дансны мэдээлэл задрахад С.Баярцогтын данс ил болсон байна. Дуулианыг намжаах зорилгоор тэр 2.1 сая швейцар франкыг Б.Дэлгэрсайханы данс руу буцаан шилжүүлэх үед Zurich банк Швейцарийн хуулийн байгууллагад энэ гүйлгээний тухай мэдээлснээр хэрэг анхаарлын төвд оржээ.

Эцэст нь 2016 оны наймдугаар сард Швейцарын холбооны прокурорын газар мөнгө угаалтын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Ингэхдээ Б.Дэлгэрсайханы Zurich банкан дахь дансыг битүүмжилсэн ажээ.

Б.Дэлгэрсайхан дансаа чөлөөлүүлэхээр тус улсын дээд шүүхэд хандсан ч хүсэлтийг нь 2018 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Өнөөдрийн байдлаар уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өргөжиж, С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нараас гадна гурав дахь хүнийг шалгаж байгаа тухай Швейцарын холбооны прокурорын газар Swiss Info сонинд мэдэгджээ.

Тус улсын прокурорууд 2020 оны дөрөвдүгээр сард Б.Дэлгэрсайханыг хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт нэмж буруутгасан байна.

Б.Дэлгэрсайхан үүнийг үгүйсгэж, Швейцарын Холбооны Эрүүгийн Хэргийн Шүүхэд давж заалдахаар бэлдэж байгааг түүний өмгөөлөгч Мануэл Бадер ярьжээ.

Мэдээний эх сурвалжтай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: SwissInfo.ch