УБТЗ: Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхээр ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

Зургадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угааж, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрчээ.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд орсон байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-Элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй юм байна.

“Улаанбаатар төмөр зам”-ын Олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхээр ажиллаж байна” гэв.

ДӨРВӨН АВТОБУС ГАРГАН, ИРГЭДИЙГ ЗАМЫН-ҮҮДЭЭС УЛААНБААТАРТ АВЧИРЧЭЭ

Төмөр зам болон гүүрийг сэргээн босгох ажил өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд нийт 500 гаруй хүн, 44 техниктэй ажиллаж байгаа аж. Үүнээс төмөр замын 460 гаруй ажилчин эвдэрсэн цэгүүдийг сэргээн босгохоор ажиллаж буй юм байна. Зам усанд автсан учир Замын-Үүдээс өчигдөр орой гарсан суудлын 275-р галт тэрэгний 164 зорчигчийг Чойр өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл том оврын 4 автобус гарган, ямар нэг чирэгдэлгүй тээвэрлэн, Улаанбаатар төв буудалд цагт нь авчирсан байна.

Өнөөдрийн байдлаар төмөр замын цэгүүдийг сэргээн босгох ажилд туслахаар харилцагч байгууллага, ААН-үүдийн 40 гаруй техник нэмэгдсэн тул сэргээн босгох ажил эрчимтэй явагдаж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн яамны Хөгжлийн газрын дарга М.Энхболдын мэдээлснээр, үерийн улмаас Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, замыг түр хугацаагаар зогсоосон ч төмөр замын нийт ажилчид шөнөжин ажиллаж, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замыг хугацаанаас нь өмнө нээсэн байна. Ашиглалтад ороод удаагүй “Хөшигийн хөндий” олон улсын нисэх буудлын авто замын далан нурж, эвдэрч гэмтжээ. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам эвдэрсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч, 2.8 км төмөр замын гэмтлийг тодорхойлж, зургаан хэсэгт эвдрэл гэмтэл гарсныг тогтоосон байна. Энэхүү ажилд нийт 461 хүн, 50 техник хэрэгсэлтэй ажиллаж буй бөгөөд төмөр замын үйл ажиллагааг өнөөдөр (2020.06.23) орой сэргээхээр төлөвлөжээ.

НИЙТ ГУРВАН ЦЭГИЙН ЗАМЫГ ЗАССАН Ч ҮЛДСЭН ТАВАН ЦЭГ НЬ НЭЛЭЭН ЭВДРЭЛТЭЙ БАЙНА

УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяагийн мэдээлснээр, зургадугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар бороо, мөндөр оржээ.

Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр УБТЗ-ын гол төмөр замын Агуйт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр зөрлөгүүдийн хооронд, нийт 53 км хэсгийн 8 цэгт үерийн ус төмөр замыг давж, хиймэл төхөөрөмж болон гүүр хоолойг эвдэлсэн байна. Одоогоор гурван цэгийн замыг засаж, хэвийн болгон хөдөлгөөнийг нээсэн бол үлдэх таван цэг нэлээн эвдрэлтэй байгаа ажээ.