ОБЕГ: Сураггүй болсон иргэн усанд осолдсон байжээ

Нийгэм, Эдийн засаг

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, үерийн аюултай байгаа учраас малчид, иргэд цаг агаарын мэдээллээ авч, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг тус сумын харьяат 18 настай малчин зургадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  • Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн  “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогдож, мөн 35 тэмээ “Завхан” голын сав газарт шаварт шигдсэн тухай мэдээллийг 06.22-ны өдрийн 19:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус сумын Шар булаг багийн Засаг дарга Б.Эрдэнэтогтохоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашинтай тухайн газар очиж ажилласан.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Банзарын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60-км-т/ Тус сумын харьяат малчин Б-ын 5 ханатай гэр, “УАЗ-452” загварын автомашин, “Портер” загварын ачааны автомашин 06.21-ний өдөр үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 09:37 цагт очиж, 2 цаг ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД НИЙТ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Мөн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна. Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авахыг анхааруулж байна.