Монголчууд улсаа тунхаглаж шинэ нийгэмд хөл тавьсан өдөр маргааш тохионо

Улс төр

Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр маргааш тохионо. Нэг ёсондоо Манжийн тальхинд  200 жил бүдчиж явсан монголчууд  Бүрэн эрхт туурга тусгаар улсаа дэлхий дахинаа зарлан тунхагласан чухал өдөр. Тодруулбал,  1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж  хамжлагат ёсыг халж улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ. Ийнхүү монгол гэрийн бууриар дэлхийг тамгалж явсан монголчууд түүхийн нэгэн он жилүүдэд ядарч, зүдэрч явсан ч төрийн тамгаа сэргээж шинэ нийгэмд хөл тавьсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуульд “Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч”  гэж зарлажээ. Түүнчлэн  Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд,  эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хуульчилж  өгсөн юм. Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлсэн. Хуралд   Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн төлөөлөгч  сонгогдсоноос 77 нь оролцжээ.

Энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал юм.

Хуучнаар Зөвлөлт холбоот  улсад сурч байсан монгол оюутнууд улсын баяр наадмаас илүүтэй Улс тунхагласан өдрөөр өөрсдийн сурч буй сургууль дээрээ олон янзын арга хэмжээ зохион байгуулж эх орноо сурталчилж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл туурга тусгаар улсаа тунхагласан өдөр бол ямарч орны хувьд хамгийн чухал, эрхэм өдөр байдаг. Харин манай наадам бол монголчуудын зуны дэлгэр цагт хошуу, хотлоороо  цэнгэн жаргаж  хүч чадал, цэц мэргэн, хурдан морьдоороо бахархан цэнгэж ирсэн уламжлалт баяр.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын  /БНМАУ/   Засгийн газар 1946 оны  зургадугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ.

Гэвч тухайн үед дэлхий капиталист, социалист хэмээн хоёр лагерьт хуваагдаж улс төр, эдийн засгийн том ангал үүсч цаг үеийн байдал ороо бусгаа байлаа. Иймд нийт найман удаа өргөдөл гаргаж  байж  капиталист лагерийн орнуудын эсэргүүцлийг давж НҮБ-ын босгыг давсан түүхтэй. Анх өргөдөл гаргаснаас хойш 15 жилийн дараа буюу  1961 оны  аравдугаар сарын 27-нд НҮБ-ын гишүүн орон болжээ.  Үүнээс хойш Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаад байгаа юм. Ийнхүү тусгаар тогтносон Монгол Улс дэлхийд данстай, бусад улсуудтай найрсаг харилцаатай болоод байна.Дашрамд дурдахад улс тунхагласны ойн баяраар 128 бөх барилддаг уламжлалтай. Энэ жил ч бас уламжлалаа хадгална. Тодруулбал, бөх барилдах уламжлал 1984 онд Улс тунхагласны 60 жилийн ойгоос эхэлжээ. Уг барилдаанд  дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэсэн байдаг.  Үүнээс хойш  1990 он хүртэл завсарласан. Эдүгээ жил бүр   зохион байгуулсаар ирсэн байна. Харамсалтай нь энэ бөхийн барилдаан 1990 оноос хойш гурван  удаа тасалдав.  Эхнийх нь 1996 онд бөх барилдаагүй. Дараа нь  2009 онд N1H1вирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн ДЭМБ-аас зарласан тул манай улс олон нийтийн арга хэмжээг цуцалж байв. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хөл хорио тогтоосон үед Улс тунхагласны ой болж өнгөрсөн билээ.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны арваннэгдүгээр сарын 25. Пүрэв. №151 (5556)