Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авдаг болгох шийдвэрийг бодлогын хэмжээнд ярьж байна

Улс төр

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөнтэй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ саяхан бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон. Чиг үүргийн хувьд цар хүрээ нь нэлээд тэлчихлээ. Тэгвэл ер нь ЖДҮ анх хэзээ байгуулагдсан ямар зам бартааг туулсаар өнөөг хүрэв гэдгээс ярилцлагаа эхэлье. 

-Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/- ийн салбар анх 1993 онд төрийн байгууллагад хэлтэс байдлаар байгууллагадаж ажиллаж эхэлсэн түүхтэй. Саяхныг хүртэл ЖДҮ эрхлэгчдийг төрөөс бага хувийн хүүтэй, урт хугацаатай зээл олгох байдлаар дэмжиж ирсэн байдаг. ЖДҮ-ийг дэмжих нь зээл олголт юм байна гэсэн ойлголт нийтийн дунд бий. УИХ-аар 2019 оны зургадугаар сарын 6-нд Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хуучин ахуй үйлчилгээний салбар болох гуталчин, хими цэвэрлэгээ, гоо сайхан, такси үйлчилгээний салбарууд буюу үйлчилгээ эрхлэгчдийг уг хуулиар зохицуулж, ЖДҮ--тэй нэгтгэж өгсөн. Тиймээс хуульд нийцүүлж, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ нэгтгэн, НИТХ-ын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор манай байгууллага “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болж энэ оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн. Мөн тусгай сангийн тухай хуулиар ЖДҮ дэмжих сан байхгүй болсон. Төр өнгөрсөн 28 жилийн хугацаанд ЖДҮ-ийг хариуцсан байгууллагыг янз бүрийн байдлаар өөрчилж ирсэн. Одоо агентлаг болон Нийслэлийн ЖДҮҮ дэмжих газар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс сан байхгүй болсон учраас зээл олголт байхгүй. Харин манай байгууллага хуулийн хүрээнд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлд ажиллаж байна. Нийслэл хотод улсын нийт хүн амын 51 хувь, эдийн засгийн эргэлтийн 80 хувь нь эргэлддэг. Манай ЖДҮҮ эрхлэгчид Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн 70 хувийг бүрдүүлдэг том айл. Хотод хөдөлмөрийн насны нэг сая хүн амьдардаг. Түүнээс ЖДҮҮ эрхлэгч 43 мянган аж ахуй нэгжид, 674 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. ЖДҮҮ эрхлэгчид маань өөрийн ур чадвараараа ахуй амьдралаа болгоод явдаг хүмүүс байдаг. Улсаас нэг их юм хүсээд байдаггүй. Нарийн боовны үйлдвэртэй ЖДҮҮ эрхлэгч байлаа гэхэд бүтээгдэхүүнээ хийгээд таван дэлгүүрт борлуулахаар өгдөг байх жишээтэй. Тус тусдаа цөөн ажилтантай ч тэднийхээ амьдралыг аваад явдаг хөдөлмөрч хүмүүс бол ЖДҮҮ эрхлэгчид. Харамсалтай нь сүүлийн хоёр жил шахам бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаа нь зогсож, хүнд байдалд орсон. Гэхдээ бид болохгүй байна, бүтсэнгүй гэж хойш суулгүй энэ хүмүүсийнхээ асуудлыг шийдэхийн төлөө үе шаттай ажлуудыг хийгээд явж байна.

-Жижиг, дундын салбарынхныг төр засгаас дэмжиж буй дэмжлэг нь бодит амьдрал дээр ямархуу үр дүнтэй байна вэ?

-Ер нь жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бага хувийн хүүтэй, урт хугацаатай зээлийн бодлогоор дэмжих ёстой гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчихэж. Нөгөө талдаа жижиг, дундын салбарынхан төрөөс дэмжлэг авна гэхээрээ зөвхөн зээл хэзээ, хаанаас яаж зээл өгөх вэ. Яагаад гурван хувийн зээл гарахгүй байна... Яагаад хүү нь багасахгүй байна гэдэг. Энэ бол хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Тэгэхээр одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр коронавирусийн үеийн нөлөөллийг давахын тулд Засгийн газраас арван их наядын хөтөлбөр гаргаад хоёр их наядыг өнөөх л зээлэндээ явууллаа. Үүн дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Жишээ нь, 15 жил оёдол хийсэн. Манайх одоо нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Гэтэл барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэд банк зээл өгсөнгүй гэдэг гомдол маш их.   Тиймээс нөгөө байгаа онохгүй гэдэг шүүмжээс салахгүй байгаа юм. Эндээс тэгвэл төр яаж дэмжих ёстой вэ гэсэг асуултанд хариулт хайх хэрэгтэй. Зөвхөн бага хүүтэй урт хугацааны зээлийн бодлогоор биш, тэр жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хэрхэн зөв бойжуулах, зах зээл дээр яаж гаргаж ирэх, төрийн худалдан авалттай хэрхэн нягт уялдуулах, яавал хүний нөөцийг нь баталгаатай болгох,   яагаад бие даасан аж ахуйн нэгж болж чадахгүй байна гээд олон олон асуултын тэмдэг байгаа юм.

Дэлхий нийтийг цочроосон коронавирус бол нэг талдаа үнэн дүр төрхтэйгээ тулах боломжийг бүх улс оронд олголоо. Тэгэхээр байгууллага, аж ахуйн нэгж иргэн бүр чадавхиа сайжруулах хэрэгтэй юм байна аа гэдэг дээр манай жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан дуу нэгтэй байгаа. Ялангуяа нийслэлийн хэмжээнд хамгийн их хүн амын төвлөрөлтэй, жижиг дундын салбарынхан хамгийн олон байгаа энэ нөхцөлд дүн шинжилгээ хийж, ярилцлаа. Манай жижиг дундынхан чинь ерөөсөө сэтгэл, бор зүрхээрээ, гарт байдаг чадвараараа амьдардаг хүмүүс шүү дээ, Тийм учраас энэ ур чадвараа нэгтгэе, эхний ээлжинд чаддаг зүйлүүдээ нэгтгээд тэрэнд нь ямар ажлын байр, тоног төхөөрөмж, хичнээн хүний цалин хангамж үүсэх зэргийг төр, хувийн хэвшилтэйгээ хамтарч хийгээд, зөв голдиролдоо ороод явъя гэсэн олон шийдлүүд гарч байгаа учраас ялангуяа манай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ бол тэр зээл гэдэг бодлогоос илүү зоосны нөгөө талд нь ажиллаж байгаа. Хууль зүйн хүрээний хувьд таны бизнес жижиг, дундын бизнес эрхлэлт ямар хуульд хамаарч байгаа, танд ямар хэмжээ хязгаар байгааг хуулиар олгогдсон эрх зүйнх нь хувьд бүрэн ойлгуулах. Хоёрдугаарт нь, санхүүгийн төлөвлөлтөн дээр хамтарч ажиллая гэж байгаа. Санхүүгийн тайлан  тооцоо хийж чадахгүйгээсээ болоод аж ахуйн нэгж байгуулдаггүй. Тэгвэл тэр тайлан тооцоог хийхэд ямар давуу талтай байдаг аж ахуйн нэгж болсоноороо ийм ийм боломж төсөл хөтөлбөрүүд, төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломж байна гэдгийг ойлгуулж, анх удаа улс, нийслэлийн хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн нэгдсэн төв Чингэлтэй дүүрэгт байгуулсан. Энэ төвд 11 төрлийн цонх ажиллуулж, хууль эрх зүйгээ сайжруулах зөвлөгөө өгдөг. Үүнтэй холбоотой таатай нэг мэдээ дуулгая. Хоёрхон сарын өмнө нээлтээ хийсэн энэ төв маань 1500 хүнд үйлчилсэн байна. Компани байгуулах тухай ойлголт надад алга аа гээд манай төв дээр орж ирэхэд эхний цонх хууль эрх зүйн зөвлөгөө өгөөд дараад нь бизнес төсөл хөтөлбөрийн, санхүүгийн гэхчлэн 11 төрлийн  зөвлөгөө авсан хүн  өнөөдөр үйлдвэрээ байгуулж чадна. Энэ бол өөрийг нь эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Хүн сэтгэл хөөрлөөрөө нэг найзаасаа сонссоноо эсвэл хажуу айлын хэн нэгэн жижиг зүйл эрхлээд амьжиргаа нь дээшилж байгааг харангуутаа дуриан хөдлөх салбар биш болсон шүү. Хамтын ажиллагаа их чухал. ЖДҮҮ эрхлэхэд гарах эрсдэлүүдийг чинь бүх талын мэргэжлийн хүмүүс зөвлөөд өгдөг болсон. Ингэж төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй үнэ төлбөргүй хүргэж байгаа. Хамгийн гол нь иргэд маань, ЖДҮҮ эрхлэгч та бүхэн түүнд цаг заваа зарцуулах хэрэгтэй. Нөгөө талаар манай жижиг дундын салбарынхан өөрсдөө боловсрох хэрэгтэй. Хийж чаддаг, өвлөж авсан зүйлээ бариад л зүтгээд байдаг. Тэгээд үүнийг надаас өөр хүн монголд урлаж чадахгүй гэдэг. Энэ нь нэг талаас зөв, нөгөө талаас буруу.

Нийслэлийн хэмжээнд бодлогоо ингэж барьж, зоосны нөгөө талд ажиллаж байгаа. 

-Аж ахуйн нэгж, тэр тусмаа ЖДҮҮ эрхлэгчид цар тахалтай холбоотойгоор хүнд байдалд багагүй хугацааг өнгөрөөсөн. Танай байгууллагын зүгээс ийм үед бодлогын ямар дэмжлэг үзүүлэв?

-“Ковид-19” цар тахал бидэнд нэг зүйлийг хатуу сануулсан. Хатуу хорионд орсон нөхцөлд хэрхэн худалдаа, үйлчилгээгээ эрхлэх гэдэг асуудалтай тулгарсан. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид цахим орчноор дамжуулж бизнесээ эрхлэх боломжтой. Дижитал эрин үе ирсэн. Монгол Улсад цахим платформ төдийлөн хөгжөөгүй. Энэ платформыг хийхийн тулд хамгийн чухал зүйл болох үнэн зөв датаг цуглуулж, нэгтгэх байсан. Тиймээс нийт ЖДҮҮ эрхлэгчдийнхээ нэгдсэн судалгааг хийж авсан. Хэн хаана, ямар багаж, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулж байна гэдэг судалгааг хийсэн.

Бид нийт 675 мянган худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээ нэгтгэсэн цахим платформыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Цар тахлын төдийгүй Ковидын дараах шинэ амьдралын хэв маягт нийцүүлж, бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, үйлчилгээ эрхлэгчид яаж үйлчилгээгээ хүнд нь хүргэх тал дээр цахим платформ үүсгэж, түүнд суурилсан маркетинг борлуулалтын шинэ дэд бүтцийг хийнэ. ЖДҮҮ эрхлэгч 43 мянган аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний борлуулалт, маркетингийг дэмжих ажлыг хийж байна. Хоёрдугаарт, жижиг дунд бизнес эрхлэгчдээ сургах нь чухал байна. Цөөн ажилтантай нарийн боовны үйлдвэр байлаа гэхэд албан ёсны аж ахуйн нэгжээр бүртгүүлдэггүй. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлдөггүй. Улсын бүртгэлд ордоггүй. Тэгсэн мөртлөө хүмүүсийг ажлын байраар хангаад, ажиллаж, амьдраад байдаг.

Гэтэл улсад бүртгэлгүй учраас эргээд төрөөс дэмжлэг авах боломжгүй байдаг. ЖДҮҮ-чид зээл авахын тулд л татвар, тайлан хөтлөх хэрэгтэй юм байна гэсэн сөрөг хандлага байна. Олсон орлогынхоо ихэнхийг татварт өгчих юм байна гэдэг ч юм уу. Гэтэл ЖДҮҮ эрхлэгчид хуулийн этгээд болоод татвар төлөх нь эдийн засгийн урсгалыг зөв болгох, эргээд төрийн олон үйлчилгээг авах боломж нь бүрддэг. Түүнийг манай ЖДҮҮ эрхлэгчид тэр бүр ойлгодоггүй. Иймд аж ахуйн нэгж болох нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулахын тулд манай байгууллага нийт жижиг дунд бизнес эрхлэгчддээ зориулан сургалт явуулж байна. Манай байгууллага найман багц сургалтыг цахим орчинд үнэ төлбөргүй явуулж байгаа.

Мөн Япон Монголын эдийн засгийн хэлэлцээрийн таван жилийн ойд зориулсан цахим үзэсгэлэнг Японтой хамтарч хийлээ. Энэ үзэсгэлэнд есөн дүүргийн 120 гаруй аж ахуй нэгж 1000 орчим бүтээгдэхүүнээрээ оролцсон. Нэг сарын турш онлайн үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

Японы талаас маш таатай саналуудыг тавьж байна. Монголын хөрсөнд ургуулсан чацарганыг экспортоор авъя, Япон Улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ зэрэг мэдээллүүдийг өгч хамтран ажиллаж байна. Мөн БНСУ¬ын ижил статутастай төрийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа эхлүүлээд явж байна.

-Гадаад орнуудад хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу ЖДҮ-чдээ арай өөрөөр буюу тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт дээр бодлогоор зохицуулалт хийдэг. Энэ нь үнэхээр том, бодит дэмжлэг болдог. Харин манайд ЖДҮҮ-гээ дэмжиж байгаа бодлого зохицуулалт нь ямархуу байдаг юм бол. Төрийн бодлого хөрсөн дээрээ хэр сайн бууж байна?

-Үнэхээр тийм. Гадаадын орнуудад ЖДҮҮ-гээ маркетинг, борлуулалт дээр нь маш сайн дэмждэг. Энэхүү дэмжлэгээ хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж өгдөг. Манай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгож, шууд гэрээ байгуулж дэмжинэ гэсэн заалт байдаг. Гэвч амьдрал дээр хэрэгждэггүй. Жилд маш олон зуун тэрбум төгрөгийн худалдан авалтыг зарладаг хэрнээ дотоодын, тэр тусмаа ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авдаггүй. Энэ нь юутай холбоотой гэхээр нэг талдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс стандарт шаардлагыг нь хангадаггүй, нөгөө талдаа дотоодын бүтээгдэхүүнийг авах хүсэл тухайн байгууллагад төдийлөн байдаггүй.

Хямд үнээр олноор үйлдвэрлэдэг импортын бүтээгдэхүүнийг тухайн тендер зарлаж буй байгууллагууд авах сонирхолтой байх жишээтэй. Энэ асуудалд цэг тавих ёстой. Аливаа ажил алга урвуулах төдийд шууд хэрэгжихгүй. Гэхдээ бага багаар зөв чигт нь оруулахын тулд нийслэлийн бүх худалдан авалт нь ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авдаг болгох шийдвэрийг бодлогын хэмжээнд яриад явж байна. Энэ чиглэлд бодлогын бичиг баримт гаргах ёстой. Тухайлбал, шахмал түлшний шуудайг нийлүүлэх тендер маш өндөр үнэлгээтэй зарлагддаг. Материал нь байхад шуудай оёж чадахгүй хүн гэж бараг байхгүй. Ур чадвартай маш сайн оёдолчид олон байна. Нэг дүүргийн оёдолчид нийлээд 11 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн ажил аваад хийвэл маш их хөрөнгө оруулалт болно. Тэдэнд ийм их өртөгтэй тендерийн ажил аваад хэрэгжүүлэхэд заавал зээл авах хэрэг ч байхгүй. Тэгэхээр ЖДҮҮ эрхлэгчдээ төрөөс зээл өгөхөөс илүүтэй ажил олж өгөх дээр нь менежмент хийх шаардлагатай. Нөгөө талд ЖДҮҮ эрхлэгчид аливаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болон үзүүлж буй үйлчилгээгээ чанартай сайн хийх хэрэгтэй. Үүний тулд манай байгууллага бүх төрлийн туслалцааг үзүүлдэг.

-Та бол НИТХ-ын Төлөөлөгч. Тэгэхээр их хотыг залуурдаж яваа хүний нэг.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Энэ хууль батлагдсанаар нийслэлд ямар боломж үүссэн бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол Улаанбаатар хотын “малгай” хууль. Энэ хуулийг дагалдаж олон хуульд өөрчлөлт орох ёстой. Нийслэл 1.5 сая хүнтэй, том хот. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар олон асуудал шийдэгдэнэ. Бие даасан өөрийн хөрөнгө оруулалтын сантай болох боломж, дагуул хотуудыг байгуулах, түгжрэл, авто замын зөв зохион байгуулалт, 2030, 2040 он хүртэлх хотын бүтээн байгуулалт ямар байх, хүн төвтэй бодлого хэрхэн хэрэгжих, Олон Улсын байгууллагуудтай хэрхэн харилцах, зах зээлийн том чөлөөт бүс байгуулах зэрэг олон асуудлууд шийдэгдэх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Мэдээж энэ хуулийг дагаж олон эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орно.

-Улаанбаатар хотод тулгамдсан асуудлын нэг нь авто замын түгжрэл. Авто замын түгжрэлийг шийдэхийг уриалж, акц дэвшүүлж байсан хүний хувьд энэ асуудалд ямар зоригтой шийдэл хэрэгтэй байна гэж үздэг вэ?

-Улаанбаатар хотыг 2024 он хүртэл хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт түгжрэлийг бууруулах ажил нэлээн сайн туссан. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хүүхэд байхаасаа л асуудлын гүн рүү орж, хэрхэн илэрхийлэх үү гэж боддог байсан. Тиймээс хотын замын түгжрэл, авто замын ус зайлуулах хоолойн асуудлыг шийдэх ёстой гэдэг цуврал контент, акцыг хийж байсан.

Түгжрэлийг шийдэх олон улсын туршлагыг харахаар олон төрөлт тээврийн хэрэгслийг цагийн зөв менежментээр хөдөлгөөнд оролцуулахыг чухалчилдаг юм билээ. Жишээлбэл, аль цаг үед, хаана түгжрэл их байна. Тэнд ямар циклээр тээврийн хэрэгслийг явуулах вэ гэдгийг гаргаж ирэх нь чухал. Зарим хотуудад дундаа зогсохгүйгээр нийтийн тээврийн уртын шугам явдаг юм билээ. Ойр ойрхон автобусны зогсоол дээр зогсохгүй хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. LRT гээд олон төрөлт тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр Нийслэлийн Засаг даргын ажлын алба ажиллаж байна. Метро барих ажлууд яригдаж байна. Аль болох тээврийн хэрэгслийг олон болгох шаардлагатай. Тэгээд цагийн зөв менежменттэйгээр замын хөдөлгөөнд оролцуулах ёстой.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны арваннэгдүгээр сарын 23. Мягмар. №149 (5554)