ЗАМ САЙТАЙ ГАЗАР, ЗАН САЙТАЙ АЙЛААР ХҮН БҮР БУУЖ МОРДОНО

Нийгэм, Эдийн засаг

    Зам. Нэг цэгээс нөгөө цэгт хүрэх зурвас. Үүнийг бид олон янзаар ойлгож, түмэн янзаар тайлбарлаж чадна. Энэ бол бас л нөгөө хүмүүний зан чанар замналтай холбоотой. Тэгэхээр алаг эрээн хорвоогийн бүхий зүйлд энэ л үг хачир нэмж дагалдах нь зүйн хэрэг болой гэж би ойлгож явдаг нэгэн.  Хүний амьдралд зам, замнал хоёр салшгүй холбоотой хэмээн бодогдоно. Ялангуяа албаны томилолт өвөртлөөд хөнгөн тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдэн зам гудас хороож явахад элдэв зүйлс бодогдох нь энүүхэнд шүү дээ. Тэгээд өөрийгөө агуа философич болчихсон юм шиг төсөөлөн явж үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй буй заа. За энэ ч яахав. Уучлаарай намайг. Замын тухай ойлголтыг танд үлдээе. Учир нь хүн бүрийн бодол, ойлголт өөр өөр шүү дээ. Харин би олон юм ярилгүй зам зуурын сонин хачинаа уншигч тантай хуваалцах минь... 

Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотруу явах замд Сэлэнгэ аймгийн Алтангадас одонт Улсын тэргүүний Баянгол (Баруунхараа) сумаар заавал дайран өнгөрдөг. Тиймдээ ч энэ удаагын орон нутгийн томилолтоор явахдаа уг сумаар дайран өнгөрөхийн сацуу хийгдэж байгаа хийх гэж байгаа бүтээн байгуулалт, сумын хөгжил хэрхэн буйг сонирхон саатлаа.

Сумын тухайд Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баян-Уул сумын суурин дээр Түнхийн аманд Хараа голын хөндийд байгуулагдан 1954 онд Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд Баруунхараа сангийн аж ахуй болон өргөжиж улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулиар Баянгол сум болон өдгөө цэцэглэн хөгжсөөр байна. Тус сум нь 197.6 мянган га газар нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж  гурван багтай, таван мянга хол давсан хүн амтай, төр төсвийн есөн байгууллагатай, 125 мянган гаруй толгой малтай.  Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Сэлэнгэ аймгийн томоохон сумдын нэг ажээ.

Баянгол сум нь Гринвичийн Зүүн уртрагаас 106004,56, хойд өргөргийн 48054,52-д оршдог. Монгол орны Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтий нурууны дэд мужийн Хэнтийн баруун захын бэсрэг уулсын тойрогт хамаарагдана. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь: Улаанбаатар хотоос 156 км, Дархан- Уул аймгаас 75 км Аймгийн төвөөс 170 км зайд байрладаг. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Шарын гол сум болон Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, мөн Төмөр замын зангилаатай Төвийн бүсэд хөгжих өндөр боломжтой сум юм.

Монгол Улсын хойд чиг­лэлийн олон улсын чанартай тө­мөр зам болон авто зам дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүч, хөдөлгөөнт холбооны бүх үйлчилгээнд холбогдсон бөгөөд төвлөрсөн уурын зуух, цэвэр бохир усан хангамж, цэвэрлэх байгууламжтай дэд бүтцийн дэндүү давуу тал нь тус сумын нэг онцлог билээ. Тус суманд алт олборлодог дөрвөн компани, газар тариалангийн 17, МАА-н үйлдвэрлэл эрхэлж буй 25 компани, есөн хоршоо байдгаас зах зээлийн үед жил бүр улсын эрдэнэсийн санд 300-480 гаруй кг алт тушаадаг байсан бол 2003 оноос “Бороогоулд” ХХК-ний алтны үндсэн орд ашиглалтад орсноор жилдээ 8-9 тонн алт улсын эрдэнэсийн санд тушааж улсын төв­лөр­сөн төсөвт зургаан тэрбум төг­рөг зөвхөн энэ үйлдвэрээс төл­дөг болсон нь онцлог юм. Дотоо­дын нийт бүтээгдэхүүний 80 ор­чим хувийг ХАА, Газар тариа­лан­гийн бүтээгдэхүүнээр бүр­дүүлдэг нь тус сумын онц­лог. Улсын хэмжээнд хаана ч байх­гүй нэг хүртэлх хувийн хүү­тэй зээлийг иргэддээ олго­дог нь сумын бас нэг онцлог юм.

                         

Тус сум нь “Уул уурхайн салбараас хийгдэж буй хөрөнгө оруулалтад түшиглэн хөдөө аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: ХАА-н талаар баримтлах бодлого чиглэлээ тодорхойлон өмнөө тавьсан зорилтуудыг ханган биелүүлэх Газар тариалангийн салбарын бодлогоо бүрэн хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулан талбайн ашиглалтыг сайжруулах Су­мынхаа уул уурхайн ашиг­лал­тыг сайжруулан хариуц­лагатай уул уурхайг бий болгох юм.

Ийм л баялаг түүхтэй эл суманд бүтээн байгуулалт, барилга байгууламж, эм эмнэлгийн тоног төхөөрөмж гээд харах зүйл ихтэй болжээ. Тиймээс эдгээр ажлуудтай нэгэн өдрийн турш танилцлаа.

Соёлын төв

   

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.5 тэрбум төгрөгөөр дөрвөн зуун  хүний суудалтай соёлын төвийн барилгыг 2019-2021 оны хооронд барьж ашиглалтад оруулсан. Орчин үеийн стандартын дагуу халаалт, цэвэр бохир ус, гэрэлтүүлгийг шийдсэн 1000м2 талбайтай, хоёр давхар барилга.

Баянгол сумын Соёлын төв нь 80 жилийн түүхтэй. Төрөөс баримтлах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн ажилладаг, зургаан орон тоотой, жилдээ 120-130 удаагийн арга хэмжээнд давхардсан тоогоор 20000-22000 хамрагддаг. Соёл урлагийн үйл ажиллагаа тогтмолжсон, улс, аймгийн тэргүүний соёлын төвүүдийн нэг ажээ. 

Яаралтай тусламжийн төв

Баянгол сум нь олон улсын авто зам дагуу, дэд бүтцийн хөгжил сайтай сумдын нэг билээ. Үүнийгээ дагаад авто ослын дуудлага их гардаг. Сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламжийг түргэн шуурхай хүргэх, осол аваарын дуудлагын эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Тод ундарга” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Төрөх тасаг, яаралтай тусламжийн төвийн барилгыг 2017-2019 оны хооронд барьж ашиглалтад оруулсан. Эмнэлгийн дотоод тохижилт, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр 100 хувь хангасан. Нэмж хэлэхэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар ороход л нөгөө хоцрогдсон, хуучирсан эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл зэргийг бүрэн шинэчилж сум бүү хэл аймгийн эмнэлгүүдийн хэмжээнд тооцогдох бүтээн байгуулалт болж чаджээ.

Гэрэлт цамхаг

 

Иргэдийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, ахуйн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оноос гурван багийн нутаг дэвсгэрт, гэр хорооллын гудамж талбайд 15 метрийн өндөртэй лед тусгалтай гэрэлт цамхгуудыг байршуулсан.

Усан оргилуур

Иргэдийн амарч зугаалах тав тухтай орчныг бүрдүүлэх, чөлөөт цагийг өнгөрөөх соёлтой орчныг бүрдүүлэх зорилгоор “Бороогоулд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Ахмад, Залуучуудын төвийн цэцэрлэгт хүрээлэнд стандартын шаардлага хангасан усан оргилуурыг шинээр хийсэн.  

Ахмад Залуучуудын төв

Ахмад Залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэх, ТББ-уудыг дэмжих зорилгоор уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг “Тайхаржин майннинг” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Ахмад, Залуучуудын төвийг барьж байгуулсан. Энэхүү төв нь сургалтын болон фитнесс танхимтай. Улс, аймаг, орон нутгийн чанартай уралдаан тэмцээн, төрөл бүрийн сургалт, бялдаржуулах, зумба, аэробикийн  сургалтууд явагдаж байна.

Гонир багийн гэр хорооллын зам

Сумын хөгжил дэвшил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж буй бүтээн байгуулалтын олон ажил, асуудлын нэг болох Гонир багийн гэр хорооллын 1,6 км замыг хатуу хучилттай болгох асуудлыг улсын төсвийн санхүүжилтгүйгээр шийдвэрлэжээ. Сум орон нутгийн удирдлагууд болон иргэдийн  санаачлагчаар Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Гүй жөү хай вэй инженеринг групп Монголиа” ХХК, “Бороогоулд” ХХК-тай хамтран замын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж нийгмийн хариуцлагын хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ мэтчилэн олон ажил хийсний нэгээхэн хэсгийг манай сурвалжлах багт танилцуулсан энэ. Чадварлаг боловсон хүчнийг татахад бэлэн мөн олон асуултад хариулт өгч чадна гэдгээ Алтангадас одонт Улсын тэргүүний Баянгол сум хөгжлөөрөө харуулж байна.

Зам дагаж хөгжил ирдэг, үүнийг дагаж хүний амьдралын чанар дээшилдэг гэсэн үг бий. Хүн бүрийн зам, замнал өөдлөн дэвжиж, хөгжин бадарч байх болтугай гэдэг сайхан ерөөлөөр энэ удаагийн томилолтоо өндөрлөе. 

#МонголынМэдээСонин #ДугаарынСурвалжилга

2021 оны арваннэгдүгээр сарын 19. Баасан. №147 (5552)