“Бидон” Д.Ганбатын тэнэглэл буюу сэрүүн зүүд

Улс төр

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүдээ нэг нэгээр нь хөөж бараг бүлэггүй болох дээрээ тулав аа. УИХ дахь намын бүлгийн гишүүнийг хөөдөг эрх мэдэл хуулиараа түүнд байхгүй. Харин бүлгийн даргаа сольж, чөлөөлөх нь бүлгийн гишүүдийн эрхийн асуудал. Тэд дотооддоо хурлаа хийгээд олонхийн саналаар бүлгийн даргаа өөрчлөх шийдвэр гаргасан бололтой байгаа юм. Гэтэл мань эр тийм юм байхгүй гэж тас гэдийж албан бланк дээрээ тэрийг энийг хөө гэдэг тушаал, тогтоол урсгаж гарав. УИХ-д 11 суудалтай сөрөг хүчин 62 суудалтай эрх баригчдаас гурван сайдын суудал хүссэн гэдэг яриа ч гарлаа. Үнэхээр тэгж гуйсан гэдгээ мань эр ч хүлээн зөвшөөрөв. Үлгэн салган бүлэгтэй яваа ийм сөрөг хүчин эрх баригчидтай хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг сэрүүн зүүд. Ийм тэнэглэл парламентын түүхэнд болж байгаагүй, болох ч үгүй. Гэтэл ийм тэнэглэлээ зөвтгөж, болно бүтнэ гэж харах ухаан байгаа нь агуугаас агуу тэнэглэл билээ.

Нэгэнт гишүүдтэйгээ хэлээрээ ойлголцохоо больсон бүлгийн дарга хөлөөрөө жийлцэхээр шийджээ. Түүнд одоо юм боддоггүй, шулуухан мөргөдөг дөргүй бух хэрэгтэй. Яг ийм бух нь бэлэн байж таарав. Хэнийг ч “бацаан минь” гээд дуудчихдаг халхын сайхан гүндүүгүй эр Д.Мөнх-Эрдэнийг тэрбээр бүлгийн зөвлөхөөр ажилд авлаа. Хотын захиргаа, яам хавиар Загдаа стилээр “лайвдаж” дэлбэлж явсаар мань эр одоо төрийн ордонд “лайвдах” эрхээ олж авлаа. Гишүүдээ айлгаж ичээж, журманд нь оруулах ажилд түүнээс өөр тохирох хүн үгүй. Тун удахгүй бид АН-ын хэдэн гишүүдийг тэнэг бацаанаар дуудуулах шинэ реалити шоу үзэж мэднэ. Ингэж тэднийгээ номхруулаад дуусвал удахгүй МАН-ын гишүүдийн өрөөгөөр тойрох нь ойлгомжтой.

Бүлгийн зөвлөх гэдэг ялагдсан намд төр талаасаа өндөр албан тушаал. Зүйрлэвэл сайд хавьцаа л гэсэн үг. Хэрвээ цаг эргэж АН хэзээ нэг өдөр ялалт байгууллаа гэхэд албан тушаалын тэргүүн фронтод түрүүлж алхана. Товчхондоо АН-ынханд хэлээ ололцох хүсэл сонирхол, тэвчээр хүлцэл аль аль нь устаж алга болжээ. Дараагийн “хүнд гарууд” уралдаанд хүч түрэн орж ирлээ. АН-ын тэнэглэлийг хөхүүлэн дэмжиж Д.Ганбатыг бүлгийн даргаар нь хэвээр үлдээж, АН-ыг салбархай амбаар ч үлдээлгүй дэлбэлэх хорон улс төрийг одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар зохион байгуулж байгаа гэж АН-ын гишүүд хэлж ярих болов. Хууль дүрэм, ардчиллын зарчмаа хүндлээд улс төрийг зүй бус тэнэглэл рүү оруулчихгүйн тулд Д.Ганбатыг сөрөг хүчний бүлгээс холдуулах нь МАН-д алсдаа хамаатай асуудал. Учир нь тэнэглэл хурдан халдварладаг. Ийм үсэрхийлэл МАН-д газар авбал ужиг өвчнөө яая гэж байгаа Монголын улс төр бүрэн утгаараа тэнэглэлд эзлэгдэж дуусна. Тоглоом тоотой нь дээр байдаг даа.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны аравдугаар сарын 22. Баасан. №133 (5538)