МОНГОЛЧУУД ДАРГА, ЦЭРЭГГҮЙ АЙДАСТ АВТЧИХАЖ

Улс төр

Өглөө дөнгөж бостол утас дуугарав. Авбал нэгэн найз маань өнөөдөр ямар ажилтай вэ гэнэ. Яах нь вэ гэтэл “Сүхбаатарын талбай хавиар явж хэрэггүй шүү” гэнэ. “Яасан” 

хэмээхэд “Нэг жагсаал цуглаан болох юм байна. Бөөн цагдаа цэрэг болох нь. Цаадуул чинь хөлөөс чинь чирээд л явчихна шүү” гэж байна. 

Үнэндээ энэ засаг төрийн бузар булай үйлдлээс болоод үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх гэсэн хүмүүс ар араасаа гарч ирэн талбайд, Төрийн ордны хашааны хаалганд хэд гурваараа, ганц нэгээрээ очно, сууна. Цагдаа нар таарсан зүйлээрээ балбаж, унагаагаад, дөрвөн мөчнөөс нь дамжлаад машинд чихчихдэг болсон нь олон түмнийг айдаст автуулчихаж. Тэгээд тэртэй тэргүй эдийн засгаас болоод талхаа ч авч чадахгүй тэр хүнийг “хэнээс мөнгө авч жагссан, хэдэн төгрөг авсан” гээд л тамлан байцаагаад нийгэмд “Энэ бол төлбөртэй жагсаал байжээ” гэсэн мэдээллийг хэдэн троллуудаараа дамжуулаад цацчихна. 

Угтаа бол зөвхөн өнгөрөгч есдүгээр сард том жижиг 168 цуглаан, жагсаал болсон гэж цагдаагийнхан мэдээлсэн. Энэ зүгээр л нэг аргаа барсан, ажлаа алдсан хүмүүс байсан уу, эсвэл энэ бүхнийг санхүүжүүлэгч “тэрбумтан” ард нь байгаа хэрэг үү. Чухамдаа өдрөөс өөрт амьдрал нь улам доройтож байгаа ард түмний төлөөлөл л аргаа бараад гудамжинд гарч байгаа нь энэ. Ганцхан эрх баригчдын хотны нохой цагдаагийнхан бороохойдоод, гар хөлөөс нь дамжлаад тэртээ 2008 оны долдугаар сарын нэгэн шиг Дэнжийн мянгад аваачаад шөнөжин тамлана гэж айгаад олон нийтээрээ гарахгүй байгаа хэрэг. 

Энэ бол магадгүй цөөн хүнд хамаатай айдас байж мэдэх. Хамгийн олныг, нийт ард түмнийг хамарсан айдас бол “үнэ өсөх”. Энэ засгийн газрын Сангийн сайдыг телевизээр гараад ирэхэд л “за одоо ямар татвар нэмэх гэж байгаа бол”, “юу гэж худал залах бол” хэмээн эмээнэ. 

Ажлаасаа хол гэртэй хэсэг нь “за өнөөдөр түгжрэл хэр байх бол, хожимдох вий дээ” хэмээн айж өглөөний цайгаа хам хум уугаад л сүүлийнхийг нь зажлангаа гарч гүйнэ. Явдал дундаа  хянах самбараа байн байн хялалзааж, шатахуун дуусах вийдээ, за үнэ нь ч яамай хэдэн литр олдоосой билээ хэмээн залбирна. 

 Айдас үүгээр дуусахгүй ээ....Гудамжаар хэд алхахдаа, энд тэнд ороод  коронавирус тусчих вий гэж санаа зовно. Дэлгүүр хоршоонд орвол алхам тутамд нэмэгдсэн үнэ харагдан юун айх, бараг л ухаан алдах дөхнө. 

Өдөр бүрий Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсоод өвчилсөн, нас барсан хүний тоог сонсоод гэр орондоо ажил албан дээрээ тайван сууж байсан хүн ахиад л айдаст автаж өөрийн эрхгүй “яана аа”  гэж дуун алдана. 

Юмны үнэ нэмэгдэх, энэ эрх баригчдын эх захгүй явдал бүрийн тухай мэдээ мэдээлэл сонсох бүрийдээ “яана даа, бид ч дүүрч, үр хүүхэд хойч үе минь яаж амьдрах бол” гэж сэтгэл эмзэглэн ирээдүйнхээ төлөө айна. 

Айдас зөвхөн эгэл ардуудад байна уу гэвэл бас үгүй.  Энэ төрийн албан тушаалтан, ажил алба хийж байгаа хэн бүхэн бөөн айдас дунд өдөр өнгөрөөнө. Юун түрүү л  даргынхаа өмнө нэр алдах вий гэж айна. Энэ нь алдаж эндээд ажлаасаа халагдчихвий гэсэн айдас. Ажлаа сайн хийхийн зэрэгцээ даргадаа зусардах бас нэг шинэ ажил нэмнэ. 

Өөрийн боловсрол, чадлаараа төрийн албанд зүтгэж яваа хөөрхий бүсгүйчүүд нь даргыгаа бэлгийн дарамт үзүүлэх вий хэмээн ямагт айдастай явна. Тэр бүү хэл энэ аймшгийг нь дагахгүй бол амиа алдаж ч магадгүй хэмээн мөнхийн айдастай. Ийм аймшигт явдал Говь-Алтай аймагт гарч байсан нь сэтгэлээс нь гарахгүй. 

Статистикийн хороо гэдэг байгууллагад ажиллагсад гэж мөн л нэг айдас дунд ажил хийсэн болж худал мэдээллээр олон түмний тархийг угаах ажилтай улс. Цалин тэтгэвэр, өрхийн орлого нэмэгдсэн, ард түмний амьдрал сайжирч дээшилж байгаа л гэж  хэлэхгүй бол ажлыг нь авах гээд хүлээж байгаа, хэн нэгэн даргын хамаатан садан, нууц амраг бараг л өрөөнийх нь үүдэнд “алдаа” гаргахыг нь хүлээгээд байж байгаа болохоор Н.Багабандимйн цалин тэтгэврийг, хэн нэг багшийн цалинтай нийлүүлж хуваагаад “дундаж цалин ийм өндөр байна”, “өрхийн орлого ийм өндөр” болж амьдрал цэнгэлийн манлайд хүрч байна хэмээн тунхагласаар өдөр өнгөрөөнө. Тэдний хувьд бодит байдал юмуу, энэ бүхнийг тооцдог шинжлэх ухааны үндэслэл энэ тэр огтоос хамаагүй, дарга нарын хэлснээр л үг дуугүй биелүүлж байвал ажилтай  цалинтай үлдэх ганц найдлага. 

Дарга нь ч бас ажлынхаа хамт олны дунд  нэр хүнд алдаж шүүмжлүүлэхээсээ үхтлээ айна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариунзаяа ямар сайндаа ажлынхаа нэг хүнд  төрийн тамгатай мэндчилгээ явуулж байгаа нь үүний нэг илрэл биш гэжүү. 

Дарганцрууд өөрийг нь албан тушаалд томилж цалин цагаатай байлгаж байгаа дээд дарга нар, ивээн тэтгэгчдээсээ бол бүр их айна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Нэг тэрбум мод тарина” гэсэн алдарт үгээ НҮБ-ын индэр дээрээс хэлээд эх орондоо ирсэн өдөр нь л уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дарга Бадамсүрэн “манай үйлдвэрийнхэн 100 сая мод тарина” хэмээн хашгирав. Чухамдаа энэ үйлдвэрийн дарга болоод өчнөөн жил болоход ганц ч бургаас тариагүй энэ хүн яагаад ингэж дуун алдах болов. Мэдээж сарын 20 гаруй мянган долларын цалинтай ажлаас нь халчих вий гэсэн айдас сэтгэлээс нь салдаггүй болохоор л  хамгийн түрүүнээ хашгирч байгаа нь энэ. 

Хууль шүүхийнхэн гэж мөнхийн айдас дунд, хууль дүрмээ ч ёсоор нь мөрдөж чадахгүй. АТГ-ийн хэдэн ажилтан нүдний нь өмнө гараад, олон түмний мэдэж шуугьсаар байгаа томцуул, өөрсдийн нь намын дарга нарын хэргийг мөрдөн шалгахаасаа үхтлээ айн жижиг сажиг хэргээр олны толгойг эргүүлэх гэж эмч багш нар л хамгийн авлигач хэмээн зар цуу болно. 

Томцуулын авлига авсан, үндэслэлгүй баяжсан хэргийг цухуйлгах л юм бол хамгийн наад зах нь өндөр цалинтай албанаасаа халагдах, цаашилбал амь насанд нь аюултай болохоор энэ талаар дуугарахаасаа ч эмээнэ. 

Цагдаа, сэргийлэгчид гэж  мөн л  Монгол Улсад өнөө мөрдөж байгаа хууль дүрмээсээ илүүтэй дарга ихэс дээдсийнхээ үгийг дуулгавартай дагаж хэн буруутайг нь хайхаасаа илүүтэй хөрөнгө мөнгөгүй, эгэл нэгнийг л ямар ч хамаагүй  нэг зүйлээр буруутган чирч гулдраад аваачиж байвал албан тушаалдаа үлдэж дарга даамалдаа нэр хүндтэй байна гэдгээ хатуу ойлгосон улс. Үүнийг нь дагаад шүүх прокурорын ажиллагсад мөн ялгаагүй. Тогтоол шийдвэрт гарын үсэг зурах, алх тогшихын өмнө “энэ хүмүүс чинь юу билээ, хэн нь хэн, ард нь хэн байгаа билээ” гэдгийг тунгаахгүй л бол энэ улс оронд байхгүй өндөр цалин, авлига авах боломжтой зөөлөн суудлаасаа ховхорчихно гэсэн бөөн айдас. 

Ер нь хууль шүүхийн байгууллагынхан эхнээсээ аваад эцсээ, дээрээсээ бүр доод шат хүртлээ “ШУДАРГА БАЙХ”-аасаа үхтлээ айна. Хууль дүрмээ дагаж, асуудлыг шударгаар шийдчих л юм бол авлигаасаа, ажил албанаасаа сална гэдгээ хатуу ойлгоно. Шударга бусаар, хөрөнгө мөнгөтэй, дарга даамлынхаа талд шийдвэл харин ч унацтай, шан харамж нь ороод ирнэ. 

Засгийн газрын гишүүд, хэдэн сайданцар, их хурлын гишүүд нь ухаан зарж энэ улс орны, ард түмний төлөө ямар нэг юм хийх гэж байгаад намынхаа, дарга нарынхаа бодлогоос зөрчих вий гэсэндээ хэнд ч хал балгүй аар саархан зүйлээр аргацаахын зэрэгцээ өөрсдийг нь ивээн тэтгэгч, дарга ихсийнх нь танил тал, төрөл садан  хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гарган сууна. Өөрсдөө санаачилбал ямар ч хал балгүйгээр нь сайндаа л дээлийн өнгө мэтийн зүйл ярьж цаг нөхцөөнө. 

УИХ-ын гишүүд гэж  хамаг хөрөнгө мөнгөө сонгуулийн кампанид зарцуулчихсан болохоор ердөө түүнийгээ хэрхэн нөхөх билээ гэж шаналахын зэрэгцээ,  юу ч хийхгүйгээр аятайхан сууж байгаад хөрөнгө мөнгөө арвижуулааад бас дээр нь  өндөр цалин аваад байж болдог энэ суудалдаа дахин сонгогдох юмсан гэхээс өөрийг сэтгэхгүй. Тэгэхээр нам, намын дарга дахиад намайг нэр дэвшүүлэхгүй байх вий гэхээс сүнсээ зайлтал айгаад сайн хүн болох гэж  бөөн жүжиг тавьж сууцгаана.

Энэ улсын хамаг мөнгө төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л айдас дунд. Тэр өөрийг нь өөд нь татаж, хоёр биенийхээ  хөшөө дурсгалыг хүртэл нутагтаа босгож байгаа Хүрэлсүх ахаасаа мөн л айж  үг бүрийг нь үсэгчлэн дагана. Мэдээж “Шударга тав” гэгдэж хөхөө өвлийн хүйтэнд олон түмнийг талбайд жагсааж явсан тэр өнөөдөр нутаг нэгт ахынхаа үгээр улс орон ард түмнийхээ эсрэг яваа болохоор нэр хүнд унаж, засгийн газартайгаа огцорчих вий хэмээн өдөр шөнөгүй айдас дунд явна. Иймдээ ч тэр байсхийгээд “2050 онд амьдрал сайхан болно”, “хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн 5000 ам.доллар болно” хэмээн үлгэрийн сайхан үг хэлж суудлаа хадгалах гэж оролдоно. Харамсалтай нь үүнд нь олон нийт итгэхгүй байгаа гэдгийг огтоос ойлгохгүй. Монгол дээл өмсөөд талбай дээр хөөрцөглөн жагсч явахдаа “би шударга ёс тогтоох гэж байгаагаас биш албан тушаал авахгүй” гэж явснаа төдхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, дараа нь Ерөнхий сайд болчихсон, одоо дахиад нэг алхвал нутгийн ахаасаа Ерөнхийлөгчийн суудал авна хэмээн горьдож явааг нь ард түмэн мэдэх учраас түүний үлгэрт өнөөдөр хэн ч итгэхгүй. 

Энэ улсын хамгийн өндөр албан тушаалтан, төрийн тэргүүн У.Хүрэлсүх гэж мөн л айдас дунд. “Хэрвээ би ард түмэнд таалагдахгүй бол огцорно” гэж нэгэнтээ ам алдчихсан тэр өнөөдөр ард түмэндээ таалагдахгүй байгаагаа эрх биш ойлгочихсон. Хэзээ ард түмэн талбай дүүрэн гараад жагсчих бол гээд бөөн шаналан. Арга ядахдаа олон улсад нэр нүүртэй байхсан гэхдээ АНУ орох онгоцонд нойрмоглож явахдаа зүүдэлснээрээ “нэг тэрбум мод тарина” гээд хэлчихсэн. Олон түмнийг нийтээр нь талбайд гаргачихгүйн тулд ганц нэгээрээ, цөөн бөөрөөрөө гараад ирснийг нь цагдаагийн хүчээр нам дарж байлгавал хүмүүс айна гээд эхнээс нь хандыг нь сайн дарж бай гэчихээд илүү дутуу алхахгүй, ярихгүйг хичээн мод тарих л юм яриад гэм халгүй суухаа бодож байх шиг. 

Монголчууд өнөөдөр бүгд айдастай, тэгэх тэгэхдээ шударга байхаас үхтлээ айж амьдарч байна. Ард иргэд нь шударга ёсны төлөө үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айж байгаа бол дарга даамал ихэс дээдэс нь шударга байж эх орон ард түмнийхээ төлөө шударга шийдвэр гаргавал ардаа байгаа хөрөнгө мөнгөтэй, оли­гар­хиудад алуу­ла­хаасаа, бүр ядахнаа ажлаасаа ха­­лаг­­дахаас айн бэмбэгнэж сууцгаана. 

Шударга бусын хонгил өнөөдөр монголчуудыг бүгдийг нь айлган бөөн айдас дунд амьд­руул­саар. 

#МонголынМэдээСонин #ХөндөхСэдэв

2021 оны аравдугаар сарын 22. Баасан. №133 (5538)