Сонгогдсон, сонгосон гэдэг нэр зүүсэн сонгууль

Улс төр

Монголчууд сонгуулиас, улстөрчдөөс  залхсан жишээг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуулиас харж болно. Учир нь энэ сонгуулийн ирц хүрсэнгүй.  

Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ. Тэгэхээр нөхөн сонгуульд зарцуулсан 2.2 тэрбум төгрөг салхинд хийсэхэд сонгогчид, ард түмэн буруугүй юм. Иргэд сонголтгүй сонгууль болдог боллоо. Хэн нь ч гарсан ялгаагүй. Хэлсэн ярьсныхаа эсрэг ажилладаг улс төрчид байгаа учраас  Монгол Улс хөгжихгүй хэмээн ярьдаг болжээ. Энэ  үзэл бодлоо ч  олон нийтийн сүлжээгээр илэрхийлж буй билээ.

Гэвч “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэсэн хошин  ёжлол шиг нөхөн сонгууль болж байна. Ирц хүрээгүй ч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт  МАН-аас нэр дэвшигч  Э.Батшугар, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Идэрбат нар хамгийн олон санал авсан. Нэмэлт санал хураалт ирэх 16-ны бямба гарагт болно. Харин энэ удаа сонгогчдын ирц хамаарахгүй.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж дүн гаргана . Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм. Тэгэхээр нэмэлт санал хураалтын дараа  хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулна гэсэн үг.

Гэвч одоогоор  Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуульд  санал өгсөн иргэдийн 54.02 хувь буюу 34382 санал авсан Э.Батшугар, Хэнтий аймагт нөхөн сонгуульд  санал өгсөн иргэдийн 73.03 хувь буюу 13700 санал аваад байгаа Ц.Идэрбат  нар ялалт байгуулах нь тодорхой харагдаж байна хэмээн иргэд ярих болов.

 

МАН хоёр суудлаа алдахгүйн  төлөө “гүрийсэн” шалтгаан юу байв

 

Өнөөдөр эрх барьж буй МАН-д УИХ-ын энэ хоёр тойрогт ялалт байгуулсан ч, эс байгуулсан ч алдах зүйлгүй. УИХ-д хүчтэй олонх хэвээр байна. Гэхдээ заавал ялалт байгуулах хоёр шалтгаан байх талтай.

Нэг шалтгаан нь олон жил өрх тусгаарлаж МАН-ын саналыг сонгууль бүрээр хувааж ирсэн МАХН эргэж нэгдсэний өр төлөх явдал гэж харагдана. МАХН-ын дарга Н.Энхбаяр монголчуудын ярьдгаар ёстой л “ясны улс төрч” юм байна гэдгээ тодотгох шиг боллоо. Учир нь өөрөө улс төрд эргэж орж чадахгүй, бүх зам, гарцаа хуулиар хаалгасан ч хүүгээ түлхсээр байгаад улс төрд орууллаа. Харин бэлэн зэлэн зүйл дээр туйлж өссөн түүний улс төрийн замнал цаашдаа ямар  байхыг цаг хугацаа харуулна буй заа. Гэхдээ  түүнд санал өгсөн сонгогчид нь МАН, МАХН-ын ахмад гишүүд гэдгийг хэлэх хэрэгтэй. Ирц хүрээгүй гол шалтгаан нь 18-50 насныхан санал өгөөгүйд оршино. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт ч  яг ийм адил дүр зурагтай байсныг Сонгуулийн ерөнхий хорооноос дамжуулсан мэдээллээс харж болно. Зөвхөн энэ нь яг ид хийж бүтээх, сурч боловсрох насны сонгогчид улс төр, сонгуульд итгэл найдвар өгдөггүй болохыг илтгэж байгаа явдал гэлтэй.

Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр хүүгээ дагуулж  гүйсээр, бас улс төр рүү түлхсээр байгаад УИХ-д орох үүд хаалгыг нээж өглөө. Шатраар ярьвал Н.Энхбаяр угшил нэг МАН-тай нэгдэж хүүгээ “бэрс” гаргах нүүдэл хийж чадсан хэмээн  улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийлцэж  буй юм. Тэгэхээр Н.Энхбаяр сансандаа хүрч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнхэн саналаа “харамласан” сонгуулийн дүр зураг ажиглагдаж байна.  

Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд 2003 оноос хойш  МАН-ын эгнээнд нэгдэж намынхаа төлөө гүйж яваа нэгэн гэдэг. Тэрбээр нутгийн ах нарынхаа ач ивээлээр ахиж дэвшиж яваа нэгэн гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нараар “крандуулж” гарч ирж байгаа гэсэн бор шувуу нөхөн сонгуулийн өмнө гарч байв. Учир нь

У.Хүрэлсүх, Ерөнхий сайд байхдаа захирамж гарган 2020 оны   наймдугаар сард “Хэнтий аймаг”-ийн засаг даргаар Ц.Идэрбатыг томилсон  байдагтай холбоотой болов уу.   Тэрбээр  2003-2008 онд “Аймгийн намын хороо”-ны улстөрийн ажилтан, 2008-2012 онд “Хэрлэн сум”-ын засаг даргын орлогч, 2016-2020 “Хэрлэн сум”-ын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020 оноос  Хэнтий аймгийн засаг даргаар ажиллаж байгаа юм. Улс төр судлаачид нөхөн сонгуулийн өмнө   Засаг даргаа УИХ-д сонгоогүй аймаг нэг ч байхгүй. Энэ жишгээр  УИХ-ын нөхөн сонгуулиар Ц.Идэрбат УИХ-д орж ирэх нь тодорхой хэмээж байлаа.   Тэгвэл нөхөн сонгууль ч болж бүх зүйл жам ёсны дагуу өрнөж байх нь.

МАН нөхөн сонгуульд ялагдаж болохгүй хоёр дахь  шалтгаан юу байв гэдэг асуудал бас гарч ирнэ. Иргэд коронавирусийн тархалт, нас баралт өндөр байгаа, шатахуун, шахмал түлшний дараалал, өрхийн орлого буурсан, ажлын байраа алдсан гээд олон шалтгаан дурдаж энэ засаг төрд ам муутай байгаа. Нөхөн сонгуулийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт халаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл ч нэлээд гарах болсон. Тэр ч бүү хэл сонгуулийн дараа огцрох сайдуудын нэрсийг хүртэл дурдаж буй билээ. Ийм нөхцөл байдалд нөхөн сонгуульд МАН ялагдвал муухай харагдахаас гадна Засгийн газар огцрох  хэмжээнд хүртэл асуудал гарч ирж магадгүй болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл Засгийн газрын ажил, өнөөгийн эрх баригчдад тавьсан дүн гэж шууд харагдах болно.   

Тэгэхээр эрх баригчдад УИХ-ын нөхөн сонгуульд  зайлшгүй ялалт байгуулж “Бидний ажлыг ард түмэн дэмжиж байгаа шүү” гэж харуулах нь чухал байлгүй яахав. Уг нь хоёр суудлаа алдсан ч УИХ дахь эрх мэдэл нь “хотойхгүй” л дээ.  Ямар ч асуудлыг олонхоороо ярс хийтэл гар өргөөд  кноп дараад шийдээд явчихна. Нөгөө талдаа аль ч улс төрийн намын сонгуульд яасан ч яахав гэж оролцохгүй нь лавтай.

Ийм учраас МАН хоёр суудлаа хадгалж үлдэхийн тулд  хамаг хүчээ дайчлан ажилласан нь тодорхой юм. Гэвч сүүлийн үед сонгууль бүрээр нь мөнгө тараасан, санал луйвардсан хэрүүл маргаан тасраагүй. Энэ удаа ч УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр бас урьдын адил мөнгө тараасан баримт илрүүлсэн тухай болон сонгуулийн санал тоолох хар машины программыг флаш дискэнд хуулаад явж байсан гэдэг бичлэг, зургийг АН-аас гаргаж тавьсан.

Тухайлбал, сонгогчдын  овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, ажлын газрыг тэмдэглэсэн бүртгэлтэй цаас барьсан эмэгтэйг илрүүлж барьж  явсан зүйлийг нь хурааж авсан бичлэг, зургийг олон нийтэд дэлгээд байгаа.

Эдгээр мэдээлэл, бичлэг зураг нь   үнэн, бодит баримт мөн, бишийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Шалгуулахаар өгсөн гэдгээ ч уг баримтыг гаргаж тавьсан хүмүүс мэдэгдсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос  сонгогчдын санал өгсөн  хуудсыг зуун хувь буюу нэг бүрчлэн гараар тулган тоолж баталгаажуулна хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Эцэст нь хэлэхэд өмнөх сонгуулиудын ирц буурч ирсэн байдаг. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын ирц дөнгөн данган 50 хувиа давжээ. Энэ нь иргэдийн улс төр, сонгуулийн идэвх буурсан болохын нэг нотолгоо. Нөхөн сонгуульд ирц хүрээгүй шалтгаан ч үүнтэй холбоотой. Тэгэхээр нэмэлт санал хураалтаар асуудлаа шийдэж байгаа нь иргэдийн буруу биш. Эрх баригчид, улс төрчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон гэдгийг илтгэж байна.

#МонголынМэдээСонин #ХөндөхСэдэв

2021 оны аравдугаар сарын 15. Баасан. №130 (5535)