ШУУРХАЙ: Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Нийгэм, Эдийн засаг

БНХАУ Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн хөл хорио тогтоолоо. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт ч түр хугацаагаар хаагдаж байгаа аж

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хил дээр ажиллаж байгаа Гадаадын иргэн харъяатын газрын ажилтнаас КОВИД-19 халдвар илэрсэн гэх. Хөл хориог хамгийн багадаа 14 хоног тогтооно гэх мэдээлэл байна. Манай талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд хилийн боомтын үйл ажиллагааг хааж байгаа аж. Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болж байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Ингэхдээ хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдсэн гэх мэдээлж байсан ч нэгхэн хоногийн дараа Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдлаа.