Тэтгэврийн дансанд төр гар дүрэхээ боль

Нийгэм, Эдийн засаг

Ахмадын баяр саяхан болж өнгөрлөө. Цахим орчинд 70, 80-аад оныхоныг ахмад үед тооцсон хошин бичвэр энэ үеэр нэлээд гарав. Гэхдээ яах араггүй тэтгэвэрт гарах  нас нь  дөхөж буй нь гарцаагүй. Харин тэдний Тэтгэврийн дансанд хуримтлуулж буй мөнгө нь байхгүй. Засгийн газар төсвийн цоорхойгоо нөхөж ирсэн учраас их хэмжээний мөнгө хий бичигдсэн гэсэн үг. Иймд одооноос Засгийн газарт хандаж ирээдүйд авах тэтгэв­рийн хэмжээ, дансан цуг­ла­сан байх ёстой ор­ло­гоо тооцож эхлэх нь зүй­тэй. Өөрөөр хэл­бэл Засгийн газартай ярил­цаад данс даягныхаа тоо­цоог гаргаж авч байхгүй бол тэтгэвэргүй болж мэдэх, эсвэл сард авах тэтгэврийн мөнгөөрөө шуудай гурил худалдан авч чадахгүйд хүрэх эрсдэл бий билээ. Төр засгаас тэтгэврийн реформ хийх ёстой гээд УИХ дээр ажлын хэсэг байгуулсан ч өнөөг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй, үр дүн гараагүй байгаа гэдгийг энд онцлон хэлэх нь зүйтэй байх. Хэсэг эдийн засагчид нийлээд “Тэтгэврийн реформ” хөдөлгөөн өрнүүлж буйгаа 2019 онд зарласан ч өнөөдөр бас л таг чиг болчихлоо.

Тэтгэврийн санд өнөөдөр 10 их наяд гаруй төгрөгийн хий бичилт хийгдсэн мэдээлэл бий. Нэг ёсондоо иргэдийн тэтгэврийн дансанд ийм хэмжээний мөнгө байх ёстой юм. Гэтэл уг мөнгийг үе үеийн эрх баригчид төсвийн цоорхой нөхөж гарын салаагаар урсгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөр тавьж буй тэтгэврийн мөнгийг өр зээл, уул уурхайн хэдэн компанид даатгачхаад сууж байгаа нь нууц биш.

Бодоо үз л дээ. Тэр 10 их наяд төгрөгийн хий бичилт гэдэг бол манай улсын бүтэн нэг жилийн төсөв. Энэ хуримтлалын талаар иргэд тодорхой мэдээлэл авах эрхтэй. Засгийн газар ч нэгдсэн тайлан гаргаж мэдээлэх үүрэгтэй.

Учир нь 1995 онд Тэтгэврийн даатгалын сангийн хууль батлагдаад, 1999 онд нэрийн дансны хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ цагаас хойш Тэтгэврийн даатгалын сан, Тэтгэврийн нэрийн дансны талаарх тооцоо судалгаа, дэлгэрэнгүй тайланг олон нийтэд танилцуулаагүй. Мөн цаашдаа төр засаг тэтгэврийн тогтолцоо ямар замаар явах талаар ч ард иргэдэд тодорхой ойлголт өгөөгүй л байна. Зөвхөн нэгээс авч нөгөөд нь тарааж өгдөг хуучин нийгмийн бүдүүлэг тогтолцоог хэдий болтол хэрэгжүүлж явах юм бэ. Төр засаг энэ талаар тодорхой мэдээлэл өгөх цаг нь болжээ.

Тэгвэл зарим судлаач эдийн засагчид тэтгэврийн тогтолцоог шинэчлэх талаар ямар байр суурьтай байгааг сонирхъё.

Эдийн засагч Ө.Ганзориг:

-Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь хуучин тогтолцооноос салахгүй нь.   Ард түмэн асар их мөнгө сар бүр тэтгэврийн даатгалд төлдгөөрөө төлнө. Энэ булай систем нь үргэлжилэх гэнэ.  Тэгээд реформ нь юу вэ гэсэн чинь “нэмж мөнгө төлөхийг зөвшөөрлөө” гэнэ. Ийм лойчихсон өөрчлөлт шинэчлэлт гэж байх уу нөхөд өө?!  Би маш олон жил энэ реформийн төлөө явлаа. Товч тайлбарлая. Бидний тэтгэвэрт төлж байгаа мөнгө бол Төрийн Мөнгө биш. Харин Бидний татварт төлж байгаа мөнгө бол төрийн мөнгө мөн. Тэгэхээр Бидний тэтгэврийн мөнгийг төр үрж, тарааж болохгүй номтой. Бид тэтгэвэрт төлсөн мөнгөө буцааж авмаар байна. Энийг реформ гэнэ.  Баруунд тэтгэвэрт гараад хангалуун амьдардаг бол Монголд гуйлгачин болдог. Энийг за­сахыг реформ гээд байгаа юм.

Тэтгэврийн санд төвлөрсөн ард түмний мөнгө хөрөнгийн захад орж том компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг.  Ингэснээр ард түмэн том компаниудын эзэн болдог тогтолцоо дэлхийн 100 оронд хэрэгжиж байна. Сүүлийн үед  Казах, Орос зэрэг  орнуудад хэрэгжүүлж эхлээд  байна. Гэтэл өөрсдийгөө ардчиллын өлгий, юу юу ч билээ баахан хөөрөгдөг Монгол шиг коммунист тэтгэврийн тогтолцоотой улс алга. Манай улс өнөөдрийг хүртэл тэтгэврийн реформыг хийгээгүй байгаа нь улсын макро болон микро эдийн засагт маш том бүтцийн эрсдэлүүд бий болго байна.

Эдийн засагч Ч.Хашчулуун:

-Монгол Улсын тэтгэврийн дундаж мөнгө 300 гаруй мянган төгрөгтэй байна гэсэн тооцоо гарсан. Тэтгэвэр авч байгаа, түүгээрээ зээл авч байгаа хүмүүс ч их байгаа. Олон жил улс эх орондоо хөдөлмөрлөсөн хүмүүст бага хэмжээний тэтгэвэр ногдож байгаа нь манай улсын тогтолцоо болохгүй байгаагийн тод жишээ болов уу гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэж байна.

Монгол Улсын хүн ам өнөөдөр залуу, залуу үндэстэн гэж ярьдаг. Гэвч  2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэх тооцоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл тэтгэврийн насны хүн амын тоо огцом өснө гэсэн үг. Гэтэл өнөөг хүртэл тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ байдал тэр чигээрээ үргэлжилбэл монголчууд 2030 оноос хойш тэтгэврээ авч чадахгүйд хүрч мэдэх юм. Өнөөдөр тэтгэврийн дундаж хэмжээ 350-400 орчим мянган төгрөг байгаа. Уг мөнгө ахмад настнуудын амьдралд хүрэлцэхгүй байгаа нь тодорхой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүнсний үнэ тэр дундаа мах, сүү, гурил, будааны үнэ 70-75 хувиар өссөн тооцоо судалгаа бий. Тэгэхээр дээрх хэмжээний мөнгөөр сарын хүнсний хэрэгцээгээ хангаж чадахтай үгүйтэй болчхож. Цаашдаа бүр шуудай гурил авч чадахгүй хэмжээний тэтгэвэр авдаг ахмад настны тоо нэмэгдэх дээрх баримтуудаас тодорхой харагдаж байгаа юм. Тэгэхээр төр засаг, улс төрчид  ахмадын баяр гэж атга чихэр тараахаас илүү тэтгэврийн шинэчлэлээ дорвитой, зоригтой хийх цаг нь болж. Иргэдийн тэтгэврийн дансны хуримтлалд  гар дүрэх биш өсгөж арвижуулах талаар бодох ёстой. Үүнийг ч иргэд шаардах эрхтэй билээ.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны аравдугаар сарын 07. Пүрэв. №127 (5532)